С.Отгонбаатар: Дэлхийн хэмжээний уран барималч болохыг хүсдэг

 “Бүтээлч залуус” буландаа Уран барималч С.Отгонбаатарыг онцоллоо.  Түүний хувьд өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу Монголын нэрийг дэлхийд гаргасан уран барималч болохын тулд өдөр бүр хөлс хүчээ шавхан ажиллаж байгаа юм.  Ингээд түүний ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Сайн байцгаана уу? Намайг С.Отгонбаатар гэдэг. 24 настай. Дарханд төрсөн ч хотод өссөн. “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Нэг жил өнжөөд СУИС-ийн Уран баримлын ангид орсон ч хоёрдугаар курсээсээ сургуулиа орхисон юм. Одоо  хувиараа бүтээл хийж эхэлсэн байгаа.

            -Анх хэзээнээс баримал хийж эхлэх хүсэл, эрмэлзэл төрөв?

 “Монгени” цогцолбор сургууль хүүхэд бүрийг өөрийн сонирхлын дагуу сургадаг. Тийм учраас би зургийн ангид орсон. Зургийн ангид орсон хүүхдүүдэд сонгон судлах  хичээлээр баримал, монгол зураг, керамикт зураг гэж ордог. Анх баримлын хичээлд сууж баримал барьж үзээд маш их таалагдсан. Тэр үед хийсэн бүтээлээ хараад л би  барималчин болох ёстой юм байна гэж мэдэрч байсан даа.

\

            – Энэ хугацаанд шантрах тохиолдол гарч байв уу?

-Баримлын мэргэжил хэцүү болохоор шантрах зүйл олон гардаг. Хүнд, хортой нөхцөлд ажилладаг учраас маш их тэвчээр шаардагддаг юм. Иймээс бусад урлагийн чиглэлээс хүмүүс сонгох нь арай бага байдаг байх.

            – Баримал хийж сурснаар тухайн хүнд ямар чадвар, чадамж нэмэгддэг вэ?

-Баримал хийж сурснаар сууж сурах, тэвчээртэй болох, эрэл хайгуул хийдэг мөн өөрийнхөө дотоод хүнтэй ярилцах зэрэг маш олон чадваруудад суралцдаг байгаа.

            – Хамгийн анх ямар баримал хийж байв. Хэдий хэр хугацаа орсон бэ?

-Хамгийн анх баавгай хийж байсан.14 хоногийн хугацаанд дуусгаж байлаа.

            – Одоогийн байдлаар хэдэн бүтээл хийгээд байна вэ? Хамгийн хэцүү ажиллагаа их шаардагддаг бүтээл бий юу?

-Бүтээл гэвэл 30 гаруй байгаа. Өмнө нь дандаа сургалтын бүтээлүүд хийдэг байсан бол одоо жинхэнэ бүтээлүүдээ гаргаж эхэлж байна. Бүх бүтээлүүд дээрээ тулж сэтгэлээ шингээж хийдэг. Хамгийн хэцүү байсан бүтээл гэвэл оюутан байхдаа хийсэн “Хүн төрөлхтөн сэрдэг ээ” гэдэг удган модны баримал байсан. Энэхүү бүтээлээ өдөр шөнөгүй барьж суусаны эцэст сар гаруй хугацаанд хийж дуусгасан.

            – Бүтээл хийх материалуудаа хаанаас авдаг вэ? Манай улсад баримал хийхэд хэрэгтэй зүйлс хангалттай байдаг уу?

-Материалуудаа урдаас авдаг байгаа. Монголд баримлыг арай амар хялбар хийчихээр зарим нэг материалууд байдаггүй. Заавал Хятадаас захиалж авах шаардлага гардаг.

            – Цаашдын зорилгынхоо талаар хуваалцаач. Ямар нэгэн том алхам хийе гэсэн бодол бий юу?

-Монголын нэрийг гаргасан дэлхийн хэмжээний уран баримал ч болохыг хүсдэг. Монгол хүний сэтгэн бодох чадвар, бүтээлийн ур, хийц, донж төрх дэлхийн хэмжээнээс дутхааргүй шүү гэдгийг харуулж чадсан бүтээлүүд гаргах зорилготой. Мөн ур чадвараа сайжруулахын сацуу хүмүүс ур хийц муутай, хятадын баримал авалгүйгээр монгол хүний сэтгэлгээнээс гарсан ур хийц сайтай, сэтгэлд хүрсэн бүтээл худалдан авдаг байгаасай гэдэг үүднээс өдөр бүр хичээн ажиллаж байна.

             Залуус болон дүү нартаа хандаж хэдэн үг хэлээч?

-Цаг хором мөч бүрийг ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаарч ирээдүйнхээ, хайртай хүмүүсийнхээ төлөө үнэт цагаа оюун ухааны цар хүрээ, мэдлэгээ дээшлүүлэх зүйлсэд зарцуулаарай гэж хүсмээр байна.

\

\

\

\

\

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button