Монголчууд байгалийн баялгаасаа хувь хүртсэн долоо хоног

2020-2021 оны хичээлийн жил цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед эхэллээ. УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ЕБС-ийн сурагчид гурван өдөр танхимаар хоёр өдөр цахимаар суралцах тусгай журмын дагуу хичээллэж байна.
Мөн хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн автозамын түгжрэл олон нийтийг бухимдуулсан үйл явдлын нэг боллоо. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Нэгдүгээр ангид 83 мянган хүүхэд элсэн орлоо
2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, дээд боловсролын 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхлүүлж, нийтдээ нэг сая дөчин мянга гаруй суралцагч хичээлдээ орлоо. Эдгээрийн 83 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам 2020-2021 оны хичээлийн жилд суралцагчдын сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш нарыг мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй түлхүү хамтран ажиллах зорилт дэвшүүлжээ.
1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхлэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Ногдол ашгийг долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Хамгийн эхэнд үнэт цаасны компанид дансаа нээлгэсэн нэг сая 170 мянган иргэний данс руу ногдол ашгийг шилжүүлсэн. Дараагийн ээлжийн ээлжийн иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг долоо хоногийн дараа дансанд шилжинэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.
Монгол Улсын нэг сая 888 мянган иргэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшдэг байна. Тодруулбал, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд 1072 хувьцаа эзэмшиж байгаа гэсэн үг юм.
Тусгаарлагдсан иргэд эсэргүүцэл илэрхийлэв
АНУ-ын Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр лхагва гарагт ирсэн 25 оюутан "Энхсаран" сувилалд тусгаарлагдахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байв. Үүний араас пүрэв гарагт “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэд гадаадад гацсан Монголчуудаа эх оронд нь оруулахыг шаардаж, өдрийн цай хоолны цагаар хаалган дээрээ гарч УОК т иргэдээ хурдан татах болон ажлаа эрчимжүүлэх шаардлага тавьж эсэргүүцлээ илэрхийлэв. Ийнхүү гадаад орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн дээрх үйлдэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
Өнөөдрийн байдлаар зөвхөн улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4,186 иргэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 3,459, орон нутагт 595, Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт 4, Хөвсгөл аймагт 4 иргэн байна.
Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна.
О.ОНОН