Б.Баяраа: УБТЗ нийгэмлэгт ажлын байрны дарамтын асуудал их байдаг

Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс  “Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газрын дарга нар ажилчдаа ялгаварлан гадуурхаж, хамтын гэрээний дагуу ажиллахгүй, дарамт шахалт үзүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэтгэвэр буруу тогтоож, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж олгохгүй байгаа тул одоогоор таван хүн тэтгэврээ буруу тогтоолгосон асуудлаар УБТЗ-ын холбогдох хүмүүсийг шүүхэд өгөхөөр болжээ.

Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа: “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйд тавих арга барилаа сайжруулахдаа дутуу ажилладаг. Хувь хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад ахиц дэвшил гаргахгүй байна. УБТЗ нийгэмлэгт ажлын байрны дарамтын асуудал их байдаг. Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөх хүн ажиллаж байгаа ч дарамт шахалт үзүүлж буй хүмүүсээ хамгаалж, нам улс төр, танил талыг харгалзан ханддаг. Жирийн ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилласан хугацааг нь багасгадаг. Хамтын гэрээг байгуулахдаа хоёр талаараа байгуулдаг. Гэтэл цуцлахдаа нэг тал нь цуцалж байна гэдэг маань түншлэлийн зарчмаар харах юм бол бохир асуудал. Ялангуяа цар тахлын үеэр ингэж цуцална гэдэг үйлдвэрчнийхээ байгуулллагыг боомилж байгаа хэрэг. Эд нар жагсаж, цуглаж чадахгүй, энэ үед нь ингээд зогсоочихъё гэж хамтийн гэрээг нэг талаас цуцалж байна. Ажилчдын эрх ашгийн төлөө явдаг байгууллагаа таслан зогсоож байгаад захиргааны аргаар ажлаа явуулдаг нь байж болохгүй зүйл юм.Тиймээс  бид тулгарч буй асуудлуудыг шүүх,хуулийн байгууллагаар шийдүүлэх болно. Зарим нэг асуудалдаа бид эрх биш тохиролцож ойлголцох байлгүй дээ” гэв.

                                                                                                                 

Б.Сувдаа             

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button