Төрийн наадмаар тохуурхагч тэр бөх хэний хэн бэ?

Дахин допинг. Энэ удаад мөн л үзүүр түрүүний бөх. Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан билээ. Тэгвэл энэ шинжилгээний  хариу олны анхаарлыг татлаа.

Бөхчүүдийн допингийн шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төв хариуцан авдаг бөгөөд энэ жил тав давсан 16 бөх үүнд хамрагддаг. Харин шөвгөрсөн 16 бөхийн гурав нь допингтой гарсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өндөр цолтой гурван бөхөөс допинг илэрсэн. Эдгээрийн нэг нь үзүүр түрүүний бөх  болохыг эх сурвалжууд бичиж байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр П.Бүрэнтөгс аварга “Мэдээллүүд цацагдсан байна. Надад ямар нэг шинжилгээний хариу ирээгүй. Хэрэв хэлбэл шууд ард түмэндээ мэдэгдэнэ. Нууж хаах зүйл байхгүй. Нэг хэсэг орон нутгаар яваад бэлтгэлдээ эргээд орлоо” хэмээн цахим хуудаснаа мэдэгдэл хийж байгаа харагдсан. Ямартай ч ойрын өдрүүдэд хэн хэн допинг хэрэглэв гэх асуудал өндрөө авах нь. 

Сануулахад, өнгөрсөн жил яг ийм асуудал дэгдэхэд бөхчүүд ээлж дарааллан мэдэгдэл хийж байв. Улмаар Э.Оюунболд аварга “тунан үлдэж” допинг хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Улмаар  жил тойрон үргэлжилсэн асуудлыг өнгөрсөн долдугаар сард шийдвэрлэсэн. 

Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, 2 дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулсан юм. 

Тэгвэл дахин гурван бөхийн асуудал “бослоо”. Сануулахад, энэ жилийн наадамд П.Бүрэнтөгс түрүүлсэн бол Н.Батсуурь үзүүрлэсэн юм. 

Төрийн наадмаар тохуурхагч тэд хэн бэ? Асуултад албаныхан тодорхой хариулт өгөх л үлдэж байна. 

О.ОНОН

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button