Үндэсний бөхийн допингийн асуудал яригдаж, ШТС-уудын АИ 92 автобинзен октандаа хүрсэнгүй

Өмнөх долоо хоногт "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг үнэт цаасны компанид бүртгэлтэй иргэдэд олгосон бол  Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн ногдол ашгийг энэ долоо хоногоос олгож эхэлсэн байна.  Мөн “Талх Чихэр”, “Алтан тариа” компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шалгалт хийхээр болж, ШТС-уудын АИ 92 автобинзен октандаа хүрээгүй талаар ШӨХТГ-аас мэдэгдлээ.

 Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.

“Талх чихэр”, “Алтан тариа” компаниудад шалгалт оруулахаар боллоо

ШӨХТГ-ын улсын байцаагчид  9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн талхны үнэд судалгаа хийж, дүнгээ нэгтгэлээ. Судалгаанаас үзвэл талхны үнэ зах, худалдааны төвүүдэд 100-200 төгрөгөөр нэмэгджээ.  Тухайлбал “Талх чихэр” ХК-ийн “Атар” талх үйлдвэрээсээ 1200 төгрөгөөр гарч байгаа хэдий ч гадуур 1300-1400 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Харин “Алтан тариа” компани гурилын үнээ 30-330 төгрөгөөр нэмсэн бол бусад гурилын үйлдвэрүүдэд хийж байгаа шалгалт үргэлжилж байна. Тиймээс  2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ШӨХТГ, МХЕГ, ТЕГ, Гаалийн ерөнхий газар хамтран “Талх чихэр” ХК, “Алтан тариа” зэрэг компаниуд бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд нь шалгалт хийхээр болсон. 

Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн ногдол ашиг дансанд нь орж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн  "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлсэн. Харин үнэт цаасны дансгүй иргэд хүсэлтээ ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийж, ногдол ашгаа авах боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр ногдол ашгийг тухайн иргэний баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын гурван хоногт багтаан шилжүүлэх юм. Тэгвэл Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. 

У.Хүрэлсүх: Өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгддөг асуудалд төрийн зохицуулалт хэрэгтэй

“Талх Чихэр”, “Алтан тариа” компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх  /2020/09/08/ байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Нефть, цахилгаан, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ, хотын дарга аа. Энэ чөлөөт зах зээл үү? Бүх юмны үнэ юмны үнэ нэмэгдээгүй байхад талх нарийн боовны үнэ нэмэгдээд ядарсан зүдэрсэн ард иргэдийнхээ нуруун дээр ачаалал өгөөд байгаа асуудал дээр анхаарах хэргтэй. Өчигдөр би ШӨХТГ-ын даргатай ярьж, шалгах хэрэгтэй гэж хэлсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгддөг асуудалд төрийн зохицуулалт хэрэгтэй. Дотооддоо гурил, төмс хүнсний ногоо, махаар хангая. Дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангасны дараа илүүдлээ  экспортод гаргая.  Үүнд төр засаг зохицуулалт хийх хэрэгтэй. Энэ бол төр засгийн үүрэг биз дээ. Бүх зүйлд чөлөөт зах зээл гэдэг байдлаар хандаж болохгүй. Эрчим хүч, уул уурхай, шатахууны асуудалд төр зохицуулалт хийж байж ард түмнээ үнийн дарамтаар аварна. Засгийн газрын нь ард түмнээ хамгаалах ёстой” хэмээжээ.

Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож 5.5 жилийн хорих ял оноосон. 

Н.Номтойбаяр давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаан есдүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. 

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна.

Улмаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. 

Шүүхээс Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг шалгаж эхэлжээ

Тагнуулийн газрын дарга Д.Гэрэлийг өнгөрсөн сарын сүүлээр өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг чөлөөлөгдөх үеэр Өдрийн сонинд“Тагнуулын хоёр даргыг чөлөөлж байгаа нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэх асуудалтай холбоотой талаарх яриа улс төрийн хүрээнийхний дунд газар авч байна. Улмаар Д.Гэрэлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар тагнасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм” хэмээн мэдээлж байв. 

Тэгвэл АТГ-аас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

ШТС-уудын АИ 92 автобинзен октандаа хүрсэнгүй

ШӨХТГ-аас өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтынхаа дүнг танилцууллаа. Мэдээллийн эхэнд энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ШТС-уудад хийсэн шалгалтын талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөн бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг танилцууллаа.

Тэрбээр “ШӨХТГ-аас шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд дөрөвдүгээр сарын 20-нд хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж эрхлэгчийн ШТС-ын үйл ажиллагаанд түүвэрчлэн шалгахад шатахууны шахалтын хэмжээ, марк дугаар зөрөөгүй, лац ломбо зөрөөгүй буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн 20 аж ахуй эрхлэгчийн дөрвөн агуулахад 19 ШТС аас түүвэрчлэн автобинзений 12 дээж, дизелийн түлшний 10 дээжийг авч нууц дугаараар кодлон АМГТГ-ын Уул уурхай газрын тосны төв лабораторид шинжилгээ хийлгэсэн. Нийтдээ автобинзений 22 дээжид 12-14 үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 10 үзүүлэлт нь холбогдох стандартын шаардлага хангасан. Харин Магнай трейд, Мон Суль, М Ойл, Сод Монгол, Петро Стар, Жаст Ойл, Нью Эл Энержи стар компаниудын  АИ 92 бинзений дээжинд октаны тоо нь 85,1-89,8 гэж тодорхойлогдсон. Синчи ойл, АЙ СИ АЙ СИ, Петростар, М Ойл, Номин Ойл, Шунхлай трейдинг, Хөрс автосервис, Жейм Ойл, Шижир Ойл, Тод Петролиум, Петро Жамп компаниудын АИ 92 автобинзений дээжинд октаны тоо 99,3-119 тодорхойлогдсон.

 "Шунхлай трейдинг" компанийн АИ 95 автобинзений дээжид октаны тоо 118,9 тус тус тодорхойлогдсон. Бусад дээж ч  мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангаагүй байна" гэв.

Үндэсний бөхөд дахин допингийн асуудал дэгдлээ

Дахин допинг. Энэ удаад мөн л үзүүр түрүүний бөх. Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан билээ. Тэгвэл энэ шинжилгээний  хариу олны анхаарлыг татлаа.

Бөхчүүдийн допингийн шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төв хариуцан авдаг бөгөөд энэ жил тав давсан 16 бөх үүнд хамрагддаг. Харин шөвгөрсөн 16 бөхийн гурав нь допингтой гарсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өндөр цолтой гурван бөхөөс допинг илэрсэн. Эдгээрийн нэг нь үзүүр түрүүний бөх  болохыг эх сурвалжууд бичиж байна.

Үүнтэй холбогдуулан  П.Бүрэнтөгс аварга “Мэдээллүүд цацагдсан байна. Надад ямар нэг шинжилгээний хариу ирээгүй. Хэрэв хэлбэл шууд ард түмэндээ мэдэгдэнэ. Нууж хаах зүйл байхгүй. Нэг хэсэг орон нутгаар яваад бэлтгэлдээ эргээд орлоо” хэмээн цахим хуудаснаа мэдэгдэл хийсэн.

С.Тайшир

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button