Хүүхэд харах үйлчилгээний төлбөр 90-150 мянган төгрөгийн хооронд байна

Монголын хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоооноос Засгийн газар, УОК-ын 2020-2021 оны хичээлийн жилд хүүхэд харах үйлчилгээнд 2-3 хүртэлх насны хүүхдийг хамруулахаар болсон асуудлаар мэдээлэл хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 онд батлагдсан бөгөөд анх энэ хуулийг УИХ-ын бие даагч гишүүд болон эмэгтэй гишүүд санаачилсан аж. Тухайн үед манай улсад 80 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байсан учир энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхэд харах үйлчилгээг анх оруулж ирсэн ба 2016 оны долдугаар сарын 3-ны өдөр бие даасан хууль болсон байна.
Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Өлзийбат: “Өнөөдөр цэцэрлэгт хамрагдахгүй байгаа 2 настай хүүхэд 74 мянга байна. Гурван настай хүүхдийг хувийн, 4-5 настай хүүхдийг улсын цэцэрлэгт авна гэдэг бодлогыг бариад энэ долоо хоногт Боловсролын яамнаас хүүхэд харах үйлчилгээний түр журам батлагдан гарч байгаа. Үүнд 2-3 хүртэлх насны хүүхдийг авна гэдгийг зааж өгсөн. Жил болгон 35 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагддаггүй. Бид нар жилдээ 35-40 орчим цэцэрлэг ашиглалтанд оруулдаг. Гэхдээ жилд 4-5 цэцэрлэг актлагддаг. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс Намрын чуулганы хэлэлцэх асуудалд хүүхэд харах үйлчилгээний тухай хууль орсон байгаа.
2020 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 08:00-18:00 цагийн хооронд хүүхэд харах үйлчилгээг үзүүлж эхэлнэ. Улсын хэмжээнд нийт 160 орчим хүүхэд харах төв байгаагийн 115 орчим нь нийслэл хотод, 45 орчим нь хөдөө орон нутагт байрлаж байгаа юм. Төлбөрийн хувьд 90-150 мянган төгрөг. Төсвийн тодотголд багтсаны дагуу УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбум төгрөг суулгасан бөгөөд энэ нь 2-3 хүртэлх насны 77 мянган хүүхэд байгаагийн гурван мянга нь он дуустал явахад зарцуулагдана” гэлээ.
Б.Сувдаа
Оллоо.мн