Д.Нямхүү: Франц иргэний биед дархлал маш сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлтэй байна гэсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 940 хүнд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Сүүлийн хоёр хоногт эдгэрч гарсан гурван хүн байгаа. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 311, үүнээс эдгэрсэн 301 хүн байна. Мөн "Франц иргэн бидэнтэй цахимаар холбогдсон. Тэрээр шинжилгээ өгөхөд эсрэг бие буюу дархлал маш сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлтэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл коронавирус үүссэн эсрэг бие сайн байна гэдгийг тэндэхийн эмч нар ч хэлсэн байсан. Тухайн шинжилгээний хариугаа ч бидэнд зургаар явуулсан юм. Мөн тэрээр бидэнд баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлсэн үүнийг дамжуулж өгөөрэй гэж хүссэн. Тиймээс буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж буйн хэлбэр юм шүү. Бидний нөр их хичээл зүтгэл, олон хүний нойр хоолгүй ажилласан хөдөлмөр, эмчилсэн 96.8 хувийн амжилтыг үгүйсгэж байгаа нь улс орноо эвгүй байдалд оруулахаас гадна дэлхий дахинд сөрөг хандлага үүсгэж байгаа үйлдэл болсон. Энэ тал дээр холбогдох албаныхан бодитойгоор шүүгээсэй гэж хүсэж байна” гэв.

ОБЕГ-ийн дэд дарга хурандаа Б.Ууганбаяр: “Өнөөдрийн байдлаар есөн сар гарснаас хойш  зургаан удаагийн тусгай үүргийн нислэгийг зохион байгууллаа. Үүнд нийтдээ 1554 хүн ирсний 1063 нь  том хүн, 274 нь  хүүхэд, 217 нь өндөр настан байна"

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Өнөөдрийн байдлаар гадаад улсаас нутаг буцах хүсэлтэй байгаа иргэд 10803 болж буурсан байна. Энэ сард Сөүл хот руу 4 удаагийн нислэг үйлдэж, 1000 орчим иргэнийг авч ирнэ. Гадаад улсаас цахим худалдан авалт, гүйлгээ хийхдээ иргэд маань цахим залиланд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа БНХАУ руу шилжүүлэг хийгээд бараа, материалаа авч чадахгүй байна. Мөн зүүн өмнөд азийн орнууд руу захиалга хийгээд авч болохгүй байна гэсэн гомдол их ирж байна. Энэ асуудлын мөрөөр бид ЭСЯ-тай хамтран ажиллах болно" гэв.

 

Б.Сувдаа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button