Нийт 469 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлжээ

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даан нэр дэвшсэн нийт 606 нэр дэвшигч оролцсон. Үндэсний Аудитын газраас нэр дэвшигчдийн сонгуулийн зардалд хяналт шалгалт хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “ … нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа хугацаандаа ирүүлсэн 436, хугацаа хоцроосон 33, тайлангаа ирүүлээгүй 137 нэр дэвшигч байна.

Нийт 469 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлснээс аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан 427, баталгаажуулаагүй 42 тайлангаас 36 тайлан орлого, зарлага тайлагнаагүй “х” тайлан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлсэн 515 нэр дэвшигч, бүртгүүлээгүй 91 нэр дэвшигч байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу явцын тайлангаа ирүүлсэн 492 нэр дэвшигч, ирүүлээгүй 114 нэр дэвшигч байна.

Нэр дэвшигчдийн сонгуулийн тайлантай дэлгэрэнгүй танилцах бол энд дарна уу.

 

С.Цог

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button