Ж.Оюундарь: Щербацкая хатагтай бол нийгэмд маш нийтлэг байдаг дүр

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдийн хүртээл боллоо. Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлнэ….

Эдгээр гурван бүсгүйн дүрийг тодотгох ихэмсэг, бардам хатагтай  Щербацкая. Щербацкая хатагтайн дүрийг бүтээсэн МУГЖ Ц.Оюундарьтай цөөн хором ярилцлаа. 

-Нийгэмд хүлээлт үүсгэсэн “Анна Каренина” жүжгээ амжилттай нээлээ. Та бүхэнд баяр хүргэе? 

-Маш их баярлалаа. Үзэгч олон маань сайхан хүлээж авлаа. Сэтгэгдэл өндөр байна. Энэ бол бидний маш олон сар, бараг жил гаруйн бэлтгэлийн ажил. Гайхалтай сайхан бүтээл. Хүн бүрийн тэвчээр гаргаж, заавал унших ёстой зохиолын нэг. 

Зовлон зүдгүүр, баяр баясгалан, гуниг гээд амьдралын бүхий л зүйлийг энэ зохиолд шингээсэн учир энэ зохиол агуу, давтагдашгүй мөнхийнх байдаг. Энэ зохиол нь дэлхийн олон оронд орчуулагдаж, сая сая уншигчийн хүртээл болсон. Мөн жүжиг кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн бүтээл. Өнөөдөр манай УДЭТ-ынхан зөвхөн Аннагийн амьдралаар жүжгээ бүтээж, толилуулаад байна. 

-Надад яагаад ч юм Щербацкая хатагтайн дүр маш их таалагдлаа. Дүрийнхээ талаар? 

\

 

-Миний хувьд Щербацкий вангийн гэргий. Тухайн нийгэмдээ амьдарч байсан бодит дүр.  Жүжигт Кити, Долли миний охидын амьдрал гарна. Товчхондоо, Аннаг тодорхой болгож байгаа дүрүүд юм. Зохиолын мөн чанарыг тайзан дээр тусгаж гаргана гэдэг амаргүй хариуцлага. Дүрийн мөн чанаруудыг гаргаж чадна гэдэгт итгэсний үндсэн дээр найруулагч надад оноож өгсөн байх. Энэ жүжиг амьдралын том хүрээлэн дунд бүсгүй хүний хувь зохиол ямраар эргэж байдгийг л өгүүлнэ. Миний бүтээж байгаа дүр нийгэмд маш нийтлэг байдаг дүр. Гомдох, баярлах, хаягдах, хаях, үр хүүхэд нь сайн явах, муу явах… энэ бүхэн энэ зохиолд, энэ эмэгтэйн амьдралд байж байгаа. Энэ бүх шинжийг шигтгэчихсэн учраас сонгодог гэдэг утгадаа нийцэж байгаа. Бүхий л ээжид байдаг амьдралын зовлон, зүдгүүр, шаналан, үр хүүхэд, эр нөхрийнхөө төлөө харахад инээж байвч цаанаа ямар ихийг туулдгийг л харуулахыг зорьсон. 

Романыг уншихад Щербацкая хатагтайн дүр маш өргөн цар хүрээтэй бичигдсэн байдаг. Жүжигт миний гарах гурван үзэгдэл байгаа. Эмэгтэй хүн хичнээн их аз жаргал баяр баясгалантай эд хөрөнгөөр дутахгүй сайхан байгаа ч түүний цаана ямар их зовлон бэрхшээл байдаг юм бэ гэдгийг харуулахыг зорьсон. 

-Таны бүтээсэн  Щербацкая хатагтайн онцгой байлаа гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Надтай санал нийлэх  үзэгч олон байгаа байх? 

-Баярлалаа. Бид жүжгээ гадаад дотоод уран сайхны зөвлөлд жүжгээ үзүүлж хамгаалдаг. Энэ үеэр Щербацкий ван /П.Цэрэндагва/, Щербацкая  хатагтай /Ж.Оюундарь/ хоёрын дүр ихэмсэг, тансаг тухайн үеийн байдлыг харуулж чадсан, онцлогтой байлаа гэж уран сайхны зөвлөлөөс бидэнд баяр хүргэсэн.   Жүжигчин хүний баяр баясал үүнд л оршдог шүү дээ. Энэ бүхнийг үзэгчид маань ойлгоод хэлж байна гэдэг нь бидний ажлын үр дүн юм. 

-Нийгэмд гол дүрийн хоёр Анна талаар маргаан дагуулж байна л даа. Харин та? 

-Найруулагчийг санааг анх сонсоход сонирхолтой санагдаж байсан. Романыг уншиж байхад Аннагийн дотоод, гадаад мөн чанар тэрсэлдээд байдаг даа. Тэрийг гаргаж ирэхийг зорьж дээ гэж харсан. 

-Яагаад үе тэнгийн хүмүүс байж болоогүй юм бол?

-Ямар нэг уран бүтээл гарахад  хуйвалдаан байдаг л даа. Энэ хуйвалдаанд найруулагч Н.Сувд гуайг олж харсан байна. Яагаад Н.Сувд эгч байв гээд бодоход амьдралыг үзчихсэн хүн илүү их ярих юмтай байдаг шүү дээ. Тэгэхээр эндээс л зөрчил гарч ирж байгаа юм уу болов уу гэж бодогдоод байгаа юм. 

-Аннаг үзэхээр төлөвлөж байгаа үзэгчдэд хандан юу хэлмээр байна? 

-Бидний хувьд сэтгэл өндөр байгаа. Та бүхнийг хүрэлцэн ирж үзээрэй гэж хүсье. 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

\

О.ОНОН

Оллоо.мн  

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button