Бэлчээрийн тухай хуулийн төсөл гараанаас гарна

Малчдын хувьд нүүдлийн уламжлалт мал аж ахуй бол амьжиргааных нь гол эх үүсвэр. Тиймээс мал аж ахуйгаа цаашид урт хугацаанд тогтвортой өсгөн үржүүлэх нь маш чухал асуудал. Гол тулгамдаад асуудал нь бэлчээрийн доройтол. Бэлчээрийн доройтлыг малын хөлийн тоогоор хязгаарлах тухай саналууд малчид хийгээд бодлого тодорхойлогчдын зүгээс гардаг. Харин ингэж хязгаарлахын тулд эдийн засгийн хөшүүрэг болгон тодорхой хэмжээний хураамж авч эзэмшүүлж, ашиглуулах асуудал хөндөгдөж эхлээд байгаа юм.
Тэгвэл ирэх сард бэлчээрийн тухай хуулийн төслөөр малчин иргэдийг оролцуулсан Зөвлөлдөх санал асуулгыг УИХ-аас зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мал сүргийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа ч бэлчээрийн даац хэтэрч, нутаг ус булаацалдсан маргаан гарах болсонтой холбогдуулан асуудлыг шийдвэрлэхээр зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.
Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлaын хамгийн сүүлийн тайлангаар бэлчээрийн газрын 57 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орж, үүний 10.3 хувь нь дахин нөхөн сэргэх чадвараа алдаж, цөлжих эрсдэлд хэдийн өртсөн байна. 200 000 гаруй малчин өрх, Монголын хөдөөгийн хүн амын 70 гаруй хувийн орлогын эх үүсвэр болсон бэлчээр нутгийн талхагдал доройтол ийнхүү тэлж байгаа нь олон хүмүүсийн амьжиргаа эрсдэлд орох аюул нүүрлээд байна. Үүнээс хажуугаар тал хээр нутгийн экосистемийн үйлчлэл, хөрс, ус, биологийн олон төрөл зүйл үрэгдэх эрсдэлтэй.
Малчид, үндэсний болон олон улсын байгууллагуудын зүгээс олон жилийн турш хүлээгдэж, зөвлөж байсан гол асуудал бол бэлчээрийн тогтвортой бус ашиглалтыг зохицуулах бэлчээрийн тухай хууль үгүйлэгдэж байна. Бэлчээр ашиглалтын төлбөртэй болох, бэлчээр ашиглалтыг сайжруулах, хамгаалах ажлыг хэрэгжүүлэхдээ цогц байдлаар хандах гээд хуулийн хүрээнд зохицуулах асуудлууд хүлээлт үүсгэсэн хэвээр байна.
Иймээс Монгол Улс бэлчээр нутгаа хамгаалахын тулд Бэлчээрийн тухай хуулийг нэн даруй батлах шаардлага үүсээд байгаа юм. Ямартай ч ирэх сард бэлчээрийн тухай хуулийн төслөөр Зөвлөлдөх санал асуулгыг явуулах нь ээ.
О.ОНОН
Оллоо.мн