Нэр дэвшигч Р.Дагвыг АТГ-аас шалгаж байна

Татвар төлөгчийн мөнгийг өөрийнх юм шиг захиран зарцуулж туйлагсдын эгнээг хотын удирдлагууд үргэлжлүүлж байна. Бүр тодруулбал, НИТХ-ын дарга Р.Дагва нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 207 тоот тогтоолоор өөртөө гадаад албан томилолт, 208 тоот тогтоолоор мөн өөртөө сургалтын зардлын төлбөрт хэмээн их хэмжээний мөнгийг нэг өдөр цохуулан авсан нийтэд ил болсон. 

Нийслэл дэх Төрийн аудитын газар хууль зөрчсөн үйлдэл болохыг нь тухайн оны дөрөвдүгээр сард тогтоосон байдаг. Иймээс дээрх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтыг үндэслэн АТГ Р.Дагва даргыг шалгаж байгаа юм. Харин энэ зуур Р.Дагва дарга дээрх үйлдлээ үл тоон энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж яваа харагдах. 

2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 207 тоот тогтоол “НИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг АНУ-ын Флорида мужийн Майми хотод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай асуудлаар 2020 оны 1-р сарын 17-22-ны хооронд зохион байгуулагдах хамтарсан сургалтад оролцуулсугай” хэмээн үүрэг болгоод Р.Дагва өөрөө гарын үсэг зурж баталгаажуулжээ. НИТХ-ын дарга Р.Дагвын хувьд нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг даргалдаг учраас ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулсан гэсэн үг болж таарч байна.

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button