Д.Дагвадорж аварга аа, таны “ачаар” циркийнхэн 80 жилийн ойгоо майханд угтлаа

Гайхамшигт Монгол цирк. Дэлхийн өнцөг булан бүрт циркийн гайхамшгийг сурталчилан таниулж байгаа Монгол циркчид түүхэн 80 жилийн жилийн ойгоо угтлаа. Монгол циркид мандаж явсан үе бий.  Нэр хүндтэй, 100 давсан жүжигчинтэй, залуу үеэ бэлтгэдэг сургуультай гээд энэ урлагт ард түмнийг шунан дурлуулж байсан алтан үе бий. Нийслэл хотынхоо төвд зориулалтынх нь дагуу барьж байгуулсан циркийн байртай гээд үүх түүх арвинтай Монгол циркийн гунигт түүх арав гаруй жилийн эхтэй.

Бүр тодруулбал тус циркийн байрыг сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж менежментийн хувьчлалаар авсан. Дараа нь 80 жилийн түүхтэй циркийн байр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, дэлгүүр хоолны газруудад түрээслэдэг объект болон хувирсан. 

Харин одоо циркчид 80 жилийн ойгоо майханд угтсан нь энэ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ойг майханд тэмдэглэн өнгөрүүллээ Тодруулбал,  тэд  ойн баярын тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүдлийн майханд хийлээ. Харамсалтай. Монголын циркийн урлаг орхигдож, өнөөдөр өөрсдийн гэсэн бэлтгэлийн байр ч үгүй байгаа бодит үнэн.

Энэ талаар Циркийн сургуулийн зөвлөх багш, хүндэт профессор У.Энхбаяр “Циркийн урлаг стандартын барилгатай байх ёстой. Харамсалтай тийм зүйл алга. Өөрөөр хэлбэл, циркийн урлаг өнөөдөр гудамжинд гарсан. Бидний хувьд 80 жилийн ойн баяр наадам хийхдээ бус ямар нөхцөлд циркийн урлагийн залгамж халааг бэлтгэж байна вэ гэдгийг харуулахыг зорьж байна. Түүхэн ойн баярын тоглолтоороо ахмад уран бүтээлчдээ хүлээн авч, өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлохыг хичээх болно. Мэдээж циркийн асар майхнаа эд хүйтний улиралд буулгахаас аргагүй. Энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа хаана хийж, мэргэжлийн хичээлээ орхигдуулахгүй байх вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Яагаад гэвэл хуучин циркийн барилгыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч зургадугаар сард хаасан учраас тус газарт хандан албан бичиг явуулсан. Ямар хариу ирэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүй байх гарцыг хайх ёстой” гэж байлаа.

Ийнхүү их аварга циркийн түүхэнд хар толбо үлдээлээ.

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button