13 өдөр үргэлжилсэн Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр

Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэргийг өчигдөр шийдвэрлэв. Шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд энэ сарын 05-ны өдрийн 10 цагт эхэлсэн бөгөөд нийт арвангурван өдөр үргэлжилж шийдвэрээ гаргалаа.

 

 Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ш.Батхүүд найман жилийн ял оноож, Ч.Ганзориг, Г. Амарбат, Б.Мөнхжаргал нарыг гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Г.Алтан, Э.Сүрэнг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн үзэж,  цагаатгалаа.

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү анх 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулаад авчихсан гэж байгаа. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Үүнээс үүдэн Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдсан.

Гэсэн ч хууль, шүүхийн байгууллагаас  Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй  өнөөдрийг хүрээд байсан юм.

 

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

 

“Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,

 

Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлээд байсан юм.

О.ОНОН

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button