ТӨҮГ-уудыг хоослох Г.Ёндон сайдын буруу жишиг

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувийн өмч шигээ үзэж, төсөв хөрөнгийг дур зоргоороо зарцуулж буй олон жишээ бий. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх таслан зогсооно гэдгээ мэдэгдсэн. Гэтэл түүний танхимд багтсан Г.Ёндон сайд Ерөнхий сайдыг энэ үгийг үл тоож, ТӨҮГ бол төрд хамаагүй хэмээн том толгойлж суух. Г.Ёндон сайдын зүгээс хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг ТӨҮГ-аар төлүүлсэн үйлдлээ зөвтгөж хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдэв. 

Тэгвэл  Г.Ёндон сайдаа таны хүүхдийнхээ төлбөрийг төлүүлсэн  “Монголросцветмет” ТӨҮГ анх бий болгоход хэн хөрөнгө оруулав? Мэдээж төр. Төрийн өмч бол төсвийн мөнгөөр санхүүждэг. Энэ хэний мөнгө вэ? Дийлэнх нь татвар төлөгчийнх. Тэгэхээр та түмний өмчөөс өөрийнхөө бүр тодруулбал Г.Ёндонгийн АМИРА, АРВИС нарынхаа төлбөрийг төлүүлсэн байна. 

Ард иргэд, ААН-үүд татвараа төлсөөр л, төрийн өмчит компаниудыг алдагдалтай ажилласан ч санхүүжүүлсээр байдаг. Ингэж алдагдалтай ажиллаж байгаагийн учир нь ердөө санхүүгийн сахилга бат. ТӨҮГ-уудын удирдлагууд төрийн өмчийн хөрөнгийг өөрийн юм шиг захиран зарцуулж байгаагаас үүдэлтэй. Төрийг үл тоож, төсөв мөнгөөр нь тоглож, хувьдаа завшиж байгаа энэ үүдэлд тэгвэл ямар хариуцлага тооцох ёстой вэ? 

2017 оны долдугаар сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахад хуулийн хариуцлага хүлээх заалт бий. 

Гэтэл Г.Ёндон сайд гэрээний дагуу хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлсэн гэх тайлбартайгаар хариуцлагаас мултрах тайлбар өгөөд сууж байдаг. 

Түүний хувьд сайд болохдоо “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн УИХ-д тангараг өргөсөн. 

 Яг дээрх үйл явц бол Г.Ёндон сайдын хувьд огцрох хангалттай үндэслэл болно. Үгүй бол ТӨҮГ-ын хэн бүхэн хүүхдийн сургалтын төлбөр гэр бүлийнхээ бусад зардлыг төрөөр төлүүлчихээд гэрээний дагуу хийгдсэн гэх тайлбар өгөөд сууж байх вий. Г.Ёндон сайдын тайлбар ТӨҮГ-уудад буруу жишиг тогтоож байгааг сануулан хэлэх нь илүүц биз.

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button