Ашиглалтаас гарсан хар тугалгат хүчлийн аккумляторыг дахин боловсруулах тухайд

Энэхүү өгүүллийг бичигч Ц.Цэвэгжав нь ШУТИС, Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын профессор хүн, хар тугалгат хүчлийн аккумлятор, түүний чанар болоод ашиглалтад нөлөөлөх хүчин зүйлс, аккумляторыг дахин боловсруулах арга технологи болон аккумляторыг экологийн шаардлага хангаагүй аргаар дахин боловсруулахын хор хөнөөл зэргийг судалж тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулсан, “Аккумляторын батарейн ашиглалтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдвээр 2005 онд Техникийн ухааны Ph.D. докторын зэрэг хамгаалсан. Дээд боловсролын салбарт 41 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

Аккумлятор нь бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг гайхалтай бүтээгдэхүүн боловч бүтцэдээ байгаль, хүн ба амьтанд үйлчлэх хоруу чанарын нөлөөллөөр нэгдүгээр ангиллын хорт бодист хамаарагдах хар тугалга, хүхрийн хүчлийн уусмал агуулж байдаг тул ашиглалтаас гарсан аккумляторыг дэлхий нийтээр “аюултай хог хаягдал” хэмээн үздэг. Аккумулятор нь дотроо хар тугалга агуулж байдаг ч асуудлын гол учир нь аккумлятор хэмээх бүтээгдэхүүндээ бус харин экологийн шаардлага хангаагүй аргаар дахин боловсруулж түүнд агуулагдах хорт бодисыг байгаль орчинд хаяж байгаад асуудал оршиж байгааг ойлгох хэрэгтэй байна.    

Дэлхийн ихэнх оронд, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад битүү тусгаарлагдсан орчинд, олон давхар шүүлтүүрийн систем, экологийн хяналттайгаар өндөр шаардлагын дор, хар тугалгын аккумляторыг дахин боловсруулдаг. Харамсалтай нь өнөөдөр манай улсад аккумляторыг дахин боловсруулах үед тавигдах шаардлага, эрх зүйн орчин байгаа боловч тэрхүү шаарлагыг хангасан өндөр технологи бүхий үйлдвэр байхгүй байна.  

Манай улсад стандартын бус аргаар аккумляторыг дахин боловсруулж байсан хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Монгол улсын Ерөнхий Сайдын өгсөн чиглэлийн дагуу эдгээр үйлдвэрүүдэд 2019 оны 4-5 сард мэргэжлийн байгуулагуудын хамтарсан шалгалт хийж, олон олон зөрчлийг илрүүлсэний үндсэн дээр үйл ажиллагааг нь зогсоосон нь зүй ёсны үйлдэл байлаа.  

Ашиглалтаас гарсан аккумляторын асуудлыг цэгцлэх, албан бусаар технологийн бус горимд аккумляторыг дахин боловсруулах асуудлыг зогсоох, өндөр технологи бүхий үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор манай улс 2019 оны 10-р сард “Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах ерөнхий шаардлага” MNS 6783-2019 стандартыг баталсан юм. Миний бие ч албан бусаар аккумляторыг дахин боловсруулахын хор хөнөөлийг зүрх сэтгэлээсээ ойлгодог ахмад судлаачийн хувьд энэ асуудалд өөрийн хуримтлуулж цуглуулсан эрдэм мэдлэгийг зориулах нь зүйтэй хэмээн үзэж дээрх стандартыг боловсруулах багт орж ажилласан. Бидний боловсруулж батлуулсан дээрх стандарт нь Олон улсын Базелийн конвенцийн удирдамжийг мөрдлөгө болгосон, өндөр хөгжилтэй орнуудын стандартыг судалж, боломжит шаардлага, хүчин зүйлсийг тусгасан стандарт болсон юм. Энэхүү стандартыг чандлан мөрдөж чадсан нөхцөлд манай улс аккумлятороос үүдэлтэй хар тугалганы аюулаас ангижрах бүрэн бололцоотой. Энэхүү стандартыг баталж, улмаар мөрдүүлэх нь манай орны хувьд хар тугалганы аюулаас ангижрах талаар хийсэн чухал алхам байсан юм. 

Стандарт батлагдаж, хууль эрх зүйн орчин тодорхой болсноор дэлхийн жишигт хүрсэн технологиор аккумлятор дахин боловсруулах үйлдвэрлэл бий болох ёстой гэж үзсэн маань талаар болсонгүй энэ салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, үйлдвэрийн технологи болон процессын талаар маш сайн судалгаа хийсэн, гадаадын туршлагатай зөвлөхтэй компани гарч ирж байгаад таатай байна.          

Харамсалтай нь зөвхөн ашиг олох зорилгоор, албан бусаар, аккумляторыг дахин боловсруулж, байгаль орчинд асар их хохирол учруулж байсан нь мэргэжлийн байгууллагын хамтын шалгалтаар тогтоогдож,  зохих шаардлагыг уг асуудлыг хариуцсан төрийн болон шат шатны байгуулгаад хүргүүлсэн байдаг боловч тэдгээр дахин боловсруулах үйлдвэрүүдийн ойр орчим дахь хар тугалга болон бусад бохирдлыг саармагжуулж, цэвэрлүүлэх талаар төрийн байгууллагаас огт арга хэмжээ аваагүй,  эсрэг хийсэн гэмт хэрэгт нь хуулийн хариуцлага хүлээлгээгүй байдаг. 

Сүүлийн үед “Аккумляторыг дахин боловсруулах үйлдвэрийг хаасны улмаас хаягдал аккумлятор их хэмжээгээр цугларч байгаль орчныг бохирдуулах хэмжээнд хүрээд байгаа тул тэдгээр хаагдсан  үйлдвэрийг нээх…” ёстой гэх асуудлыг төрийн байгууллагуудад тавьж, шийдвэр гаргах төрийн байгууллага нь тэдгээрийн ятгалгад орж, хариулага хүлээсэн мэргэжлийн хүмүүсийн саналыг үл огоорон батлагдсан эрх зүйн орчин, стандарт, өмнө гаргасан тушаал, шийдвэрээ зөрчин байж тэдгээр үйлдвэрүүдийг нээх асуудлыг хэлэлцэж байгаа нь үнэхээр харамсалтай байна.  

Энэ асуудалд санаа зовсондоо арга буюу энэхүү нийтлэлийг бичиж олонд түмний сонорт хүргэхийг зорьсон болно. Би дахин анхааруулъя. Асуудал аккумлятортаа бус хар тугалгандаа ч бус харин стандартын бус горимоор аккумляторыг дахин боловсруулж түүнд агуулагдах хорт бодисыг байгаль орчинд хаяж, бохируулж байгаатай холбоотой. 

Төрийн байгууллага нь аккумляторыг цуглуулах, хадгалах улмаар дахин боловсруулах асуудалд зохих эрх зүйн орчноор, стандартын шаардлагаар хяналт тавихгүй бол дорвитой хөрөнгө оруулалт, шинэчлэл энэ салбарт хийгдэхгүй, монгол улс хар тугалганы тоосонцрын асуудлаас салахгүй, хүн ардаа, байгаль орчноо бохирдуулсаар байх болно.

Бидний өмнө тулгараад байгаа хар тугалганы тоосонцрын бохирдлын аюулыг зөвхөн би ч хэлээд байгаа юм биш дэлхий дахинд  энэхүү асуудлыг судалж байна. Хуучин нэрээр “Black Smith Institute” гэж нэрлэгддэг байгаад одоо “Pure Earth" гэж нэрлэгдэх болсон Олон улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байдаг юм. Вэбсайт нь www.pureearth.org Энэ байгууллага нь байгаль орчны асуудлаар дэлхийн хэмжээнд идэвхтэй, үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Манай улсад ч энэ байгууллага хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан. Албан бусаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар “нинжа” нарын үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлын асуудлыг судалж, төсөл хэрэгжүүлэн мөнгөн усны бохирдлыг арилган саармагжуулах, нинжа нарыг сургах, мөнгөн усны аюулыг тэдэнд ойлгуулах асуудлаар нэлээд дорвитой ажил хийсэн.        

Энэ байгууллагаас 2015 онд гаргасан  “Mongolia & Pollution” гэх нэртэй тайланд Монгол улсын нэг жилд нас барагсдын 14,3 хувь буюу 3100 тохиолдол нь бохирдлоос үүдэлтэй гэж үзсэн байна. Харин ямар бохирдлоос шалтгаалсныг задлан үзвэл 83 хувь нь агаарын бохирдлоос, хоёрдугаарт нь хар тугалганы бохирдлоос 14 хувь шалтгаалсан байна гэжээ. Өөрөөр хэлбэл манай улсад жилд 434 хүн хар тугалганы бохирдлоос үүдэн амь насаа алддаг гэж “Pure Earth” байгууллага тайландаа дурджээ.

“Pure Earth” байгууллага нь мөн л байгаль орчны асуудлаар олон улсын түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Green Cross Switzerland” гэх байгууллагатай хамтран “World’s Worst Pollution Problems” гэх судалгааг 2016 онд хийжээ. Энэ судалгааны тайландаа “ашиглалтаас гарсан хар тугалганы аккумляторыг стандартын бусаар дахин боловсруулах нь хамгийн их БОХИРДОЛ-ыг бий болгодог” гэж дурджээ. “Pure Earth” нь стандартын бус аргаар хар тугалганы аккумляторыг дахин боловсруулах нь хамгийн их бохирдлыг бий болгодог гэж үздэг учраас “Global lead program” гэж нэрлэгдэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь хар тугалганы бохирдлоос ялангуяа хүүхдийг хамгаалах, бохирдсон газрыг олж тогтоон бохирдлыг саармагжуулан цэвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай улс ч энэхүү хөтөлбөрт хамрагдаж хар тугалганы бохирдлоосоо ангижрах арга хэмжээ авах цаг нь ирсэн байх аа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн нэлээд хэсгийг нь НҮБ, Дэлхийн банк зэрэг хамтран ажиллагч байгууллагуудынхаа тусламжтайгаар шийдээд өгдөг юм байна лээ.      

За ингээд уншигч түмэндээ хар тугалганы талаар мэдээлэл өгөх, танин мэдэхүйд нь тусал ч болов мэдлэг нэмэрлэх, төрийн шийдвэр гаргагч нарт зөв ойлголт өгөх зорилго бүхий нийтлэлийн дараагийн хэсэг болох “асуудал” хэсэгтээ оръё.   

Асуудал 1. Аккумляторыг дахин боловсруулахын ач холбогдол.  

Батарейгүйгээр бидний өнөөгийн амьдралыг төсөөлөхөд бэрх. Аккумлятор, тэр дундаа хар тугалгат хүчлийн аккумлятор нь өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдсээр байна. Дэлхий дээр 1,4 тэрбум, монгол улсад нэг сая гаруй авто тээврийн хэрэгсэл өдөр бүр хөдөлгөөнд оролцож байна. Харин эдгээр бүх тээврийн хэрэгслийн (хайбрид болон цахилгаан автомашинд зарим өөр төрлийн аккумлятор ашиглах болсныг эс тооцвол) дотоод шаталтын хөдөлгүүрийг асаах аккумлятор нь 100 хувь хар тугалгат хүхрийн хүчлийн аккумлятор байдаг юм. 

Хар тугалгат хүхрийн хүчлийн аккумляторыг 1859 онд Гастон Планте /Gaston Plante/ гэх Францын физикч анх нээсэн нь хөгжлийн олон үе шатыг туулан улам бүр сайжирсаар ирсэн бөгөөд өнөөдөр аккумлятор үйлдвэрлэлийн чанараас хамаарч дунджаар 3-5 жил ашиглагдаж байна. Аккумлятор нь ашиглалтаас гарсны дараа “аюултай хог хаягдал” гэсэн ангилалд ордог. Тийм ч учраас дэлхийн ихэнх улс оронд аккумляторыг ашиглалтаас гарахад нь өндөр технологи бүхий үйлдвэрт дахин боловсруулдаг. 

Ямар ч хог хаягдлыг дахин боловсруулах нь өндөр ач холбогдолтой. Тэр дундаа аюултай хог хаягдал болох ашиглалтаас гарсан аккумляторыг дахин боловсруулах нь байгаль орчин, экологи талаасаа чухал ач холбогдолтой юм. Гэхдээ зөвхөн өндөр технологи бүхий үйлдвэрт шүү. Хойд Америкийн “Байгаль орчны асуудлаар хамтран ажиллах зөвлөл” (Commission for Environmental Cooperation) гэж байгууллага байдаг бөгөөд тэдний үзэж байгаагаар хар тугалгат хүчлийн аккумляторыг дахин боловсруулах нь дараах хэд хэдэн ач холбогдолтой байдаг байна. Үүнд:

  • Байгалийн баялгийн нөөцийг хэмнэх: Аккумляторыг дахин боловсруулснаар байгалийн нөхөн сэргэхгүй түүхий эд баялгийг олборлох хэрэгцээг багасгадаг. 

  • Эрчим хүчийг хэмнэх: Аккумляторыг дахин боловсруулж хар тугалга гарган авах нь хар тугалгыг байгалиас олборлож гаргаж авахаас бага эрчим хүч зарцуулдаг. 

  • Цэвэр агаар, ус хэмнэх: Ихэнх тохиолдолд дахин боловсруулсан материалаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь байгалиас олборлосон түүхий эдээр бүтээгдэхүүн гарган авахаас бага агаарын болон усны бохирдол үүсгэдэг. Энэ зүй тогтол аккумляторны хувьд ч хадгалагддаг. 

  • Хог булшлах нөөцийг хэмнэх: Дахин боловсруулснаар хог хаягдлын хэмжээг бууруулж газарт булшилж устгах хэрэгцээг багасгана.

  • Эдийн засгийн хэмнэлт гаргахын хамт ажлын байр бий болгох: Дахин боловсруулах үйлдвэр ажлын байр бий болгохоос гадна хот, суурин газрын хог хаягдлын менежментийн хамгийн зөв хувилбарт тооцогддог тул нийгэмд экологийн аюулгүй байдлыг хангах болон их эдийн засгийн асар хэмнэлтийг урт хугацааны турш бий болгодог онцлогтой.

Дэлхийн бусад ихэнх орнуудад аккумляторыг дахин боловсруулах өндөр технологийг ашигладаг. АНУ-д ашиглалтаас гарсан хар тугалганы аккумляторын бараг бүгдийг буюу 99 хувийг нь дахин боловсруулдаг бол Европын орнуудад 95-аас дээш хувийг дахин боловсруулдаг. Аккумляторыг дахин боловсруулах нь түүнд ашиглагдсан хүнд металл болон химийн элементүүдийг боловсруулж байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс хамгаалахаас гадна нөөц нь улам бүр хумигдаж байгаа байгалийн түүхий эд баялгийг зөв зохистой ашиглах, ирээдүй хойч үедээ хадгалж үлдээхэд чухал ач холбогдолтой юм. 

Хар тугалга нь хязгааргүй олон удаа дахин боловсруулахад өөрийн физик химийн шинж чанараа алддаггүй онцгой шинж чанартай химийн элемент. Өнөөдөр дэлхий дээр нийт үйлдвэрлэгдэж байгаа хар тугалганы аккумляторын 70 гаруй хувь нь дахин боловсруулагдсан хоёрдогч хар тугалгаар бүтээгдсэн байдаг. 

Асуудал 2. Хар тугалгат-хүхрийн хүчлийн аккумляторт юу агуулагддаг вэ?

Автомашинд хэрэглэгдэж буй аккумляторт хар тугалга, хар тугалганы сульфат, сульфид, исэл, хүхрийн хүчлийн уусмал, мышак, сурьма, кадмий зэрэг арав гаруй төрлийн химийн бодис агуулагдсан байдаг. Аккумляторын жингийн 60-65%-ийг хар тугалга, 20-25%-ийг хүхрийн хүчлийн усан уусмал, 10%-ийг полипропилен гэж нэрлэгдэх хуванцар, үлдэх 2-3%-ийг дээр дурдсан бусад химийн элементүүд эзэлдэг. Эдгээр элементийн дотор химийн хорт болон аюултай зэрэглэлтэй бодисын жагсаалтад ордог хэд хэдэн элемент байна.

Зураг.1-д  Хар тугалгат-хүхрийн хүчлийн аккумляторын бүтцийг харуулав

Зураг.1.  Хар тугалгат-хүхрийн хүчлийн аккумляторын бүтэц

Хар тугалгат-хүхрийн хүчлийн аккумляторын аккумляторт агуулагдах химийн элемент болон бусад материалын агууламжийг 1-р хүснэгтэд харуулав.

1-р хүснэгт. Хар тугалгат-хүхрийн хүчлийн аккумляторт агуулагдах химийн элемент болон бусад материалыг агууламж.

Асуудал 3. Хар тугалга нь хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

Хар тугалга  нь хүн ба амьтанд үйлчлэх хоруу чанарын үзүүлэлтээр нэгдүгээр ангиллын хорт бодист хамаарагдах бөгөөд амьд организмд хуримтлагдаж удаанаар үйлчилдэг боловч хоруу чанар нь саармагжиж биеэс гадагшлахдаа удаан байдаг илүү хорт чанартай элемент юм. 

Хар тугалга болон түүний нэгдлүүд хүний биед тоос хэлбэрээр амьсгалын замаар, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хоол боловсруулах системд орж нарийн гэдсээр шимэгдэн цусанд орно.

Хар тугалга нь хүний тархи, мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг нэгдүгээр ангилалд багтах хортой хүнд металл элемент. Хар тугалга нь хүний бие, организмд нэвтрэн орж хуримтлагдсанаар кальци болон төмрийн дутагдалд оруулж дархлааг бууруулдаг. Хүнсээр дамжиж хоол боловсруулах системд орсон хар тугалга нь нарийн гэдсээр шимэгдэн цусанд хуримтлагдаг. Цусанд орсон хар тугалганы 15 орчим хувь нь зөөлөн эд эсэд, харин 85 орчим хувь нь тулгуур эрхтэн ясанд хуримтлагдана.

Цусны эргэлтийн систем нь цусыг урсгалд оруулж шим тэжээл, хүчилтөрөгчийг эсэд хүргэх үүргийг гүйцэтгэдэг. Цусанд хар тугалга орсоноор цусыг төмрийн дутагдалд оруулан гемоглобины уураг боловсрох үйл ажиллагаанд саад болдог. Энэ нь эд эсийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулан цус багадалтын өвчлөлтийн шалтгаан болдог. Мөн цусанд хар тугалга орсоноор хүний нөхөн үржихүйн эрхтэнд нөлөөлж эр хүний бэлгийн дур хүсэл буурах, эр бэлгийн эсийн тоо цөөрөх нөхцөл бүрдэнэ. Харин эмэгтэй хүний сарын тэмдэг өөрчлөгдөх, сэтгэл гутрал үүсгэх, мөн ихсээр дамжин урагт муугаар нөлөөлдөг. 

Элэг нь бодисын солилцооны үед уураг болон амин хүчлийг бий болгоход оролцохоос гадна цөс үүсгэх, хортой бодисыг хоргүйжүүлэх зэрэг маш олон үүрэгтэй цул эрхтэн. Цусанд хар тугалга орсноор элэгний уураг үүсгэх үйл ажиллагааг саатуулдаг байна. 

Тархи болон мэдрэлийн систем нь хар тугалганд хамгийн их мэдрэг эрхтэн юм. Бага зэргийн хордлогын үед толгой өвдөх, эргэх, дунд зэргийн хордлогын үед нойргүйдэх, цочиромтгой болох, анхаарал төвлөрөлт муудах шинж тэмдэг илэрдэг. Харин хүнд хордлогын үед сэтгэл гутралд оруулж гэмт хэрэг хийх хэмжээнд хүргэх нь тохиолддог байна. Гэмт хэргийн гаралт, өсөлт нь хар тугалганы хордолттой холбоотой гэсэн судалгааг олон судлаачид хийсэн байдаг.

Бөөр нь бодисын солилцооны үед хэрэггүй хортой зүйлийг шээсээр дамжуулан гадагш зайлуулах,  цусыг эд эсэд тараах үүргийг гүйцэтгэдэг бол харин хар тугалгыг цуснаас зайлуулж чаддаггүй  өөрөө гэмтдэг байна.

Ясанд хар тугалга хуримтлагдах бөгөөд тэр нь урт хугацаанд аажмаар цусанд шимэгдэн тараагдаж байдаг. Эхээс кальцийг төлөөлсөн хэлбэрээр урагт дамжиж ясны сийрэгжилттэй хүүхэд төрөх нөхцөлийг бүрдүүлдэг. 

Өсөлт хөгжлийн шатан байгаа долоо хүртэлх насны хүүхдийн тархи мэдрэлийн систем нь хар тугалганд хамгийн их эмзэг өртөмтгий байдаг. Хар тугалганы нөлөөгөөр хүүхдийн оюуны хөгжил сааталд орж  оюуны чадамж IQ, хараа, сонсгол, ярианы чадвар мууддаг байна.

Цусанд хар тугалга орсноор хүний биед үзүүлэх хор нөлөөг 2-р зурагт үзүүлэв

 

Асуудал 4. Аккумулятор нь ямар нөхцөлд байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах вэ? 

Хүн хар тугалгыг амьдрал ахуйдаа ус дамжуулах хоолой, дээврийн материал зэрэгт эрт дээр үеэс эдүгээ хүртэл хэрэглэсээр байна. Үүнтэй холбоотойгоор тийм аюултай зүйлийг яагаад хэрэглээд байгаа юм вэ?… гэсэн асуулт урган гарна. Гэхдээ хар тугалга нь металл хэлбэртэй байгаа үедээ гойд аюулгүй.

Асуудлын гол учир нь аккумляторын дотоод бүтцэд үзүүлсэнчлэн  нэмэх электродыг хар тугалганы исэл (PbO2) бүхий нунтгаар, хасах электродыг хар тугалга  (Pb)-ны нунтгаар маш нарийн ширхэглэлтэй  шаваас гарган өндөр технологиор бүтээсэн байдаг. Шаваасны энэхүү ширхэглэл нарийн байх тусам тухайн аккумляторын цэнэг гаргах чадвар өндөр буюу аккумляторын чанар сайн байдаг. Энэхүү нэмэх ба хасах электродын шаваас нь аккумлятор ашиглалтаас гарч цэнэг алдсан үед хар тугалганы сульфат PbSO4 болон хувирдаг.  

Дэлхийн ихэнх оронд, ялангуяа хөгжилтэй орнуудад битүү орчинд, олон давхар шүүлтүүрийн систем бүхий өндөр технологи ашиглан хар тугалганы аккумляторыг дахин боловсруулдаг тул дээр дурдсан нарийн ширхэгтэй шаваас агуулагдах хар тугалганы тоосонцрын аюулын асуудал яригддаггүй.   

Харамсалтай нь манай улс болон бусад зарим хөгжиж буй орнуудад ашиглалтаас гарсан аккумляторыг технологийн бус горимд “албан бусаар” дахин боловсруулах үйлдэл байсаар байгаа нь хүний эрүүл мэнд болоод хүрээлэн буй орчинд асар хор хөнөөл үзүүлсээр  байна.

Технологийн бус горимд “албан бусаар” дахин боловсруулахад хайлуулах процессын үед гарах хүхэрлэг хий болон хар тугалганы тоосонцор агаар орчинд хаягдаж бохирдлыг бий болгоно. Энэхүү нарийн ширхэглэлтэй хар тугалга агуулсан тоос, хий нь амьсгалын зам, хоол хүнсээр дамжин цусанд орсноор аюултай хорт чанарыг бий болгодог!!!

Мөн түүнчлэн металл хар тугалга 340 градус цельсэд хайлдаг бол хар тугалганы сульфат нь маш өндөр буюу 1200 градус цельс температурт хайлдаг тул технологийн бус горимд энэхүү сульфатын ихэнх хэсэг хайлуулах үйл ажиллагаанаас үлдэх шаарны хамтаар хаягддаг бөгөөд энэ шаарыг энгийн хог хаягдалтай хамт хаяхад сульфат агуулсан шаар хуурай болох үед салхиар дамжин ойр орчмыг бохирдуулдаг.

Аккумляторт агуулагдах нөгөө нэг тайлбарлах шаардлагагүй ойлгомжтой хорт бодис нь хүхрийн хүчлийн уусмал юм. 

Асуудал 5. Ашиглалтаас гарсан аккумляторыг Монгол улсад хэрхэн дахин боловсруулж байна вэ?

Монгол улсад ашиглалтаас гарсан аккумляторыг “Заламт гол” “Эйч Би Жи Си”, “Хос даль”  зэрэг компаниуд технологийн бус горимд дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг байсныг 2019 оны 4-р сард мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийн ноцтой зөрчлүүд илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон. Ноцтой зөрчил илрэхээс ч аргагүй юм. 

Эдгээр үйлдвэрүүд нь аккумляторыг гар аргаар хагалж, хүчил болон хар тугалгаар бохирдсон хуванцар хайрцгийг нь ил задгай хаяж, аккумляторын хүчлийг буруу хадгалж хөрсөнд алдаж байсны дээр аккумляторын хар тугалга агуулсан материалыг ямар нэгэн шүүлтүүр, ялгарах бохирдлыг хянах системгүйгээр ашигт үйлийн коэффициент маш багатай энгийн зууханд хайлуулж байсан нь тухайн үйлдвэрийн ажилчид болоод үйлдвэрийн ойролцоох хүрээлэн буй орчмыг хар тугалганы тоосонцроор асар ихээр бохирдуулж байсан нь маш ойлгомжтой юм. Энэ нь шалгалтын дүнгээр ч нотлогдсон.     

2019 оны 4 сард эдгээр үйлдвэрүүдийн ойр орчмын хөрснөөс дээж авч, шинжилгээний үр дүн “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”  MNS 5850:2008 стандарттай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийжээ. Шинжилгээний үр дүн үнэхээр цочирдом гарчээ. “Заламт гол” ХХК-ийн үйлдвэрийн орчмын хөрснөөс авсан дээжид хийсэн шинжилгээ нь MNS 5850:2008 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хар тугалга 4.5-100 дахин их,  хүнцлийн агууламж 3.8-7.2 дахин их, кадми 0.6-3.3 дахин их, хар тугалганы сульфат 0.3-81.8 дахин их гарсан бол   “Болор Аграмба”  ХХК-ийн хувьд хар тугалга 19,4-100 дахин их, хүнцлийн агууламж 3-6.3 дахин их, кадми 13 дахин их, хар тугалганы сульфат 138-466 дахин их гарсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь зүгээр 10-20 хувиар л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарахад аюултай хэмээн үздэг байхад энд бид дандаа дахин ихийн тухай ярьж байна. 4 дахин их биш, 40 дахин их ч биш, харин 400 гаруй дахин их!!!   

Мөн түүнчлэн “Заламт гол” ХХК-ийн үйлдвэрийн байрнаас 338м зайд байрлах нуурын уснаас дээж авч үзэхэд гадаргын усны цэврийн зэргийн ангиллаар их бохирдолтой гэсэн дүгнэлт гарсан байна. 

Шалгалтаар онц ноцтой олон олон зөрчил илэрсэн тул эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 2019 оны 5 сараас бүрэн зогсоож цаашид авах арга хэмжээний дараах саналыг холбогдох газруудад гаргасан. Үүнд:

 

  1. МУ-ын засгийн газарт. Аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн газрын байршлыг шийдэж өгөх, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх,

  2. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд. Монгол улсад орчин үеийн техник технологийн шийдэл бүхий, байгаль орчинд ээлтэй аккумлятор дахин боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, түүний эрх зүйн орчныг бий болгох, 

  3. Хаягдал аккумляторыг боловсруулж байсан үйлдвэрүүдэд. Боловсруулах үйлдвэрийн байршлыг сууршлалын бүсээс гаргах нүүлгэн шилжүүлэх, үйлдвэрийн ойролцоох хүхрийн хүчил болон хүнд металлын бохирдлоор бохирдсон хөрсийг саармагжуулж арга хэмжээ авах

Дээрх мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал нь миний хувьд зөв зүйтэй, хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол улсыг хар тугалганы бохирдлоос ангижруулахад томоохон алхам болох саналууд гэж бодож байна. Харамсалтай нь холбогдох стандарт батлагдсанаас өөр дорвитой арга хэмжээ авагдсангүй. Ялангуяа, албан бусаар үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүдийн ойролцоох хүхрийн хүчил болон хүнд металлын бохирдлоор бохирдсон хөрсийг саармагжуулж арга хэмжээ нэн даруй авах зайлшгүй шаардлагатай.  

Асуудал 6. Аккумляторыг технологийн бус горимд дахин боловсруулах үед хар тугалганы бохирдол хэрхэн түгдэг вэ?

Аккумляторыг технологийн бус горимд дахин боловсруулах үед хар тугалганы бохирдол дараах байдлаар түгэж орчин тойрныг бохирдуулдаг. Үүнд: 

  • Ялгарах утааны бохирдол – Ялгарах утааг хянах системгүйгээр хайлуулах үйл ажиллагааг эрхэлснээр агаарт хар тугалганы бохирдол бүхий утаа ялгаруулдаг.

  • Дэгдэмтгий тоосонцор – Дэгдэмтгий тоосонцрыг хянах системгүйгээр хар тугалга хайлуулах үйл ажиллагааг эрхэлснээр ажилчид хар тугалганы тоосонцор агуулсан агаараар амьсгалах замаар хордоно. 

  • Шаар – Манай улсад жилд ашиглалтаас 5000 орчим тонн аккумлятор гарч байгаа гэж үзвэл тэдгээрийг технологийн бус горимд дахин боловсруулахад 1700 орчим тонн 40-50% хар тугалганы агууламжтай шаар гарна. Шаарыг энгийн хог хаягдалтай хаяснаар орчныг асар ихээр бохирдуулна. 

  • Ажилчид цааш түгээх – Дахин боловсруулах үйлдвэр нь эрүүл ахуйн 2 шатлалт системгүй бол ажилчид хувцас хунар, үс болон биеэрээ хар тугалгын тоосонцорыг цааш зөөж орчин тойрноо, гэр бүл, үр хүүхдээ бохирдуулна. 

  • Тээврийн хэрэгсэл – Хаягдал аккумулятор ачиж ирсэн тээврийн хэрэгсэлийг угааж цэвэрлэх системгүй бол хар тугалгын тоосонцор дугуйгаар дамжин орчиныг бохирдуулна. 

  • Бороо цасны ус – Бороо цасны усыг хянах системгүй бол бохирдол усаар дамжин цааш түгнэ. 

Асуудал 7. Ашиглалтаас гарсан аккумляторыг дахин боловсруулах орчин үеийн технологийн гол онцлог нь юу вэ?

Орчин үеийн технологи нь дараах онцлогтой. Үүнд:  

  • Хаягдал аккумляторыг дахин боловсруулж нийт материалын 95-ээс доошгүй хувийг дахин хэрэглээнд оруулдаг байх.

  • Хаягдал аккумлятораас цэвэр хар тугалга гарган авах үйл ажиллагаа нь перометаллургийн процесс буюу энгийнээр хэлбэл хайлах үйл ажиллагаа юм. Энэ процессын үед шаталтаас үүдэлтэй хүхэрлэг хий, төрөл бүрийн метал агуулсан дэгдэмтгий тоосонцор бий болдог учраас экологийн хяналт  бүхий өндөр өртөгтэй, ашиглалтын зардал ихтэй, тоос шүүх, хий саармагжуулах системийг заавал хэрэглэнэ.

  • Аккумуляторын элекролит буюу хүхрийн хүчлийг цэвэршүүлэн бусад хэрэглээнд гаргах эсхүл түүний саармагжуулах технологитой байна.

  • Хайлах процест үүссэн шаар нь 7 хүртэл хувийн хар тугалга агуулж байдаг тул мөн л аюултай тул дахин боловсруулж түүнд агуулагдах хар тугалгыг стандартын шаардлагыг хангах хэмжээнд хүргэнэ.

  • Хаягдал аккумуляторыг дахин боловсруулалтанд хэрэглэгдсэн усыг дахин боловсруулан түүний найрлагыг стандартын хэмжээнд хүргэн үйлдвэрлэлийн процест дахин хэрэглэнэ.

Аккумуляторыг бутлах үед гарах хүчлийн уурыг барих системтэй байх шаардлагатай.    

​Асуудал 8. Аюултай хог хаягдал болох ашиглалтаас гарсан аккумуляторыг дахин боловсруулах асуудлыг хэрхэн шийдэх вэ? 

  • Pure earth байгууллагатай хамтран ажиллаж, Global lead program хөтөлбөрт хамрагдах замаар албан бусаар үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүдийн ойролцоох хүхрийн хүчил болон хүнд металлын бохирдолоор бохирдсон хөрсийг саармагжуулах арга хэмжээ нэн даруй авах,

  • Батлагдсан MNS 6783-2019 стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, нууцаар стандартын шаардлага хангахгүй нөхцөлд аккумляторыг цуглуулж, хадгалж байгаа асуудлыг шалгаж цэгцлэх

  • Орчин үеийн техник технологийн шийдэл бүхий, байгаль орчинд ээлтэй технологи бүхий үйлдвэрлэл нэвтрүүлэх асуудлыг төрөөс бодлогын хувьд дэмжих 

  • Борлуулагчид шинэ аккумлятор худалдахдаа заавал хуучин аккумляторыг авч байж худалддаг өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгддэг ашиглалтаас гарсан аккумляторыг цуглуулах системийг бий болгох, менежментийг бий болгох

  • Ашиглалтаас гарсан аккумляторыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах  менежментийг хэрхэн бий болгох

 

Хонгороож овгийн Цэгмэдийн Цэвэгжав

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button