Төрийн албан хаагч уучлал гуйгаад өнгөрөх биш хуулийн хариуцлага хүлээнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Ажлын хэсэг хамтран  Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах  тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. Есдүгээр сард нээлттэй хэлэлцүүлгийг цахимаар хийж ирэх намрын чуулганд өргөн барих хоёр  хуулийн төсөл  батлагдвал ёс зүйн хэм хэмжээг хуульчилсан анхны хууль болох юм. Төрийн албаны шинэчлэлийн бодлого, хуульд тусгаад буй  онцлох өөрчлөлтүүдийг хүргэж байна.

1. Төрийн албыг шинэчлэх  үндэслэл

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар баталж хэлэлцэхийн өмнө зохион байгуулсан “Зөвлөлдөх санал асуулга”-д оролцсон иргэдийн 94  орчим  хувь нь  төрийн алба хүнд сурталтай, авлига хээл хахуульд идэгдсэн, төрийн албаны нэр хүнд унасан гэсэн байр суурийг илэрхийлжээ.

-Дээрх  хүчин зүйл нь   төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулж байна гэсэн  судлаачдын дүгнэлт  гарсан байна.

-УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд,  ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар хамтран ажиллаж хуулийн төслийг   сайн боловсруулсан хэмээн  үзсэн  байна.

2. Ёс зүйн хороо ямар үүрэгтэй байх вэ?

-Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлтэй зэрэгцсэн бүтэц байх бөгөөд есөн гишүүнтэй байна.

-Есөн гишүүний  гурав нь орон тооных, бусад зургаан гишүүн нь орон тооны бус байна. Гурван гишүүнийг УИХ-аас томилох бол  Засгийн газар мөн гурван гишүүнийг томилно. Төрийн албаны зөвлөлийн дарга шууд орох бөгөөд ТАЗ-ийн  хоёр гишүүнийг  мөн сонгоно.

-Ёс зүйн хороо нь   туршлагатай, өмнө нь төрийн алба хашиж байсан хүмүүсээс бүрдсэн байна.

-Хуулийн төсөлд тусгаснаар Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл нь нэг ажлын албатай байна.

3.Хараат бус ажиллах боломжийг хэрхэн бүрдүүлсэн бэ? 

-Ёс зүйн хорооны гурван гишүүнийг   УИХ-аас томилох бөгөөд Төрийн албаны зөвлөлтэй адил хараат бус статус нь хадгалагдана.

4. Ёс зүйн зөрчил гаргавал  ямар арга хэмжээ авах вэ?

-Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол эхлээд ёс зүйн зөрчил гаргасныг нь шалгаж тогтооно.

-Тухайн  төрийн албан хаагч нь үнэхээр төрийн албанд ажиллах ёс зүйгүй хүн байна гэдгийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд төрийн албыг орхиод явсан бол  хариуцлага хүлээсэнд тооцно.

-Дээрх  алхмыг  хийхгүй байгаа тохиолдолд тухайн хүнд сануулахаас  эхлээд ажлаас халах хүртэл  арга хэмжээ  авч болох заалтыг хуулийн төсөлд  тусгажээ.

-Одоогийн төрийн албаны ёс зүйн дүрмээр бол  зөвхөн уучлал гуйх хэм хэмжээ үйлчилж ирснийг ийнхүү өөрчилжээ. 

-Хуулийн төсөл эцэслэгдэж өргөн баригдах хүртэл асуудлыг нарийвчлан ярьж  ажлын хэсэг дээр нэгдсэн байдлаар шийдэж явахаар зохицуулжээ.


ЭКСПЕРТИЙН ҮГ

 

\Г.Занданшатар: Улсын хөгжлийн үндэс нь төрийн албаны шинэчлэл

/УИХ-ын дарга/

-Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэ хүний хүн тэр хүний хүн” гэсэн шошготой болжээ.Сонгон шалгаруулалтын хуулиар энэ байдлыг өөрчилнө. Хууль батлагдсанаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай. Сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүс төрд ажиллах ёстой. Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг Азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой юм. Мэргэшсэн, ёс зүйтэй, шилэгдэж сонгогдсон чадварлаг жинхэнэ төрийн албан хаагчид Монгол төрд шударга зүтгэж, сэтгэл гарган ажиллаж байж улс орноо хөгжүүлнэ.  Иймд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага нэн чухал.

\Д.Зүмбэрэллхам: Бүтцийг цогц болгоно 

/Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор/

-Хууль батлагдан гарснаар  төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцсан тусгай хороог байгуулна. Энэ хорооны салбар хороод  байгуулагдана. Ингэж байж улсын хэмжээнд төрийн алба  бүрэлдэнэ. Ажлаа тайлагнадаг, мэдээлдэг, УИХ-д хэлэлцүүлдэг байдлаар үйл ажиллагаа нь явна. Ёс зүйн хариуцлагын талаар мэдээ мэдээлэл түгээхээс өгсүүлээд бүхэлдээ энэ байгууллагын цогц бүтэц бий болно. Өнөөдөр  төрийн албаны бүхий л салбарт мянга гаруй байгууллагад Ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөлүүд дор бүрдээ асуудлаа шийдээд явдаг. Нэгдсэн, төвлөрсөн тогтолцоо бий болоогүй учраас ийм байдлаар явж байгаа. Хууль боловсруулж УИХ-аар батлуулснаар энэ орон зайг цогц байдлаар  шийдвэрлэнэ. 

\Г.Тэмүүлэн: Монгол төрийн босго өндөр байх ёстой

/УИХ-ын гишүүн/

-Төрд, тэр тусмаа улс төрийн албанд хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүс “мерит”  зарчмаар сонгогддог, томилогддог, бас чөлөөлөгддөг байх ёстой. Сүүлийн 30 жил улс төрийн алба хаагчид /Монгол Улсын Ерөнхий сайд, сайд, дэд сайд, ЕТГ, ЗГХЭГ-ын дарга, дэд дарга, бүх шатны засаг дарга, орлогч нар болон нам, эвслийн бүлгийн ажлын алба, улс төрийн албан тушаалтнуудын зөвлөх, туслахууд/ хуулиараа ямар ч шалгуургүй томилогдож ирлээ. Улс төрийн албан тушаалд тавих “шалгуургүй”, “улс төрийн томилгоо” нэрээр хэн нэгнийг сайд, дарга болгодог эсхүл “дарга” нар томилж ирсэн нь, төрийн албаны залгамж чанар алдагдаж, Монгол төрийн нэр хүнд, хариуцлага, иргэдийн итгэл алдагдахад хүргэжээ. Улс төрийн албанд шинэчлэл хийх цаг нь болсон. Монгол төрийн босго өндөр. Энэ босгыг хуулийн хүрээнд бий болгоно. Миний өргөн барьсан хуулийн төсөлд ийм зүйлүүдийг тусгасан байгаа.

\Б.Баатарзоригт: Сонгон шалгаруулалтын судалгааг хийж эхэлсэн 

 /Төрийн албаны зөвлөлийн дарга/

-Дата буюу их  өгөгдөлд үндэслэн сонгон шалгаруулалтыг хийх судалгаанууд өнгөрсөн жилээс  хийгдэж  ирсэн. Өнөөдөр Монгол Улсад 4147 төрийн байгууллага бий. Энд ажиллаж буй хүмүүсийн 32 хувь нь эмэгтэйчүүд, 38 хувь нь эрэгтэйчүүд. Албан тушаалын төрлөөр авч үзвэл  долоон хувь нь удирдах албан тушаалд ажилладаг. Насны ангиллаас харахад  төрийн албан хаагчдын 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн хүмүүс байдаг. Тэдний хүсэл эрмэлзэл  өөр болж байна. Мөн Z үеийнхэн түрж орж ирж байгаа. Өмнө нь бүх байгууллагын хүний нөөцийн алба салангид явж ирсэн. Одоо бүх төрийн байгууллага, яам, тамгын газар системд холбогдсоноор төрийн албаны шинэтгэл эдийн засгийн агуулгатай байх гэхчлэн бүх  чиглэлээр цахим   дэвшил гарч байна.

\Ж.Мөнхбат: Хууль улс төрийн албан тушаалуудад ч  үйлчилнэ

/УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/

 -Төрийн албан хаагч нь ёс зүйтэй,  үлгэр жишээч, ийм сахилгын тухай хуультай улс орнууд бий. Япон улсын жишгийг энд дурдаж болно.Канад улсын төрд ажилладаг албан хаагчид нь  ёс зүйн кодтой, хөтөлбөртэй, дүрэм журамтай, хариуцлага, шийтгэлийг тодорхой зааж өгсөн  байдаг.  Хариуцлага алдсан бол, ёс зүйн алдаа гаргасан бол түүнийг нь хянадаг, шалгадаг, тогтоодог болох ёстой. Үнэхээр хариуцлага алдсан бол, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалууд дээр энэ хуулийн зүйл  заалтууд үйлчилдэг байх ёстой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.Олдох

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button