Дуудлага худалдаанаас олсон хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд шилжүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хүүхдийн төлөө фондыг сэргээн, Хүүхдийн төлөө сан байгуулах санаачилга гаргаж байсан юм. Тухайн үед хамгийн их хэл ам дагуулдаг, хууль бус наймаа болсон автомашины “азын” гэгдэх дугаарыг дуудлагаар худалдаж, орлогыг нь энэ санд төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байлаа.

Энэ дагуу Автотээврийн үндэсний төв 2021 оны 02 дугаар сарын 15-наас хойш 10 удаа 1,126 дугаарыг дуудлагаар худалдсаны орлого болох хоёр тэрбум төгрөгийг өнөөдөр Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө. “Азын” гэгдэх дугаарын доод үнэ 100 мянган төгрөг, дээд үнэ 45 сая төгрөгт хүрсэн байна.

Мөнгийг шилжүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцов. Цаашид шинэ сери задрах бүрд “азын” гэгдэх сонирхол татсан дугааруудыг дуудлага худалдаагаар зарж, орлогыг нь Хүүхдийн төлөө санд төвлөрүүлж байх юм.

Хүүхдийн төлөө санд төвлөрсөн хөрөнгийг хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулах, олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчид зардал олгох, урамшуулахад зарцуулах юм.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button