Талибанчууд засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцууллаа
Афганистаныг эзэлсэн Талибанчууд түр Засгийн газрын бүрэлдэхүүнээ мягмар гарагт зарлалаа. Өмнө нь мэдэгдэж байсны дагуу тус бүрэлдэхүүнд нэг ч эмэгтэй гишүүн удирдах болон зөвлөх албан тушаалд томилогдсонгүй. Мөн террорист бүлэг удирдаж байснаас үүдэн олон улсаас хориг тавьсан, шоронд хоригдож байсан хүмүүсээс бүрдсэн Засгийн газартай болжээ.
Тодруулбал, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Талибан бүлэглэлийн үүсгэн байгуулагч асан Мохаммад Омарын ойрын туслах Мохаммад Хассан Ахундыг томилжээ. Тэрбээр 1996-2001 онд тогтож байсан Талибаны өмнөх засгийн газарт сайдаар ажиллаж байсан бөгөөд АНУ-ын Засаг захиргаанаас зарласан хоригт багтсан юм.Талибан бүлэглэлийн үүсгэн байгуулагчдын нэг Абдул Гани Барадарыг Ахундын орлогчоор, Омарын хүү Мохаммед Якубыг Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг харвал хоригдол, АНУ-аас томилогдсон террорист бүлэглэлийн гишүүн, олон улсаас хориг арга хэмжээ авахуулсан удирдах албан тушаалтнууд багтжээ. Тухайлбал, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Мохаммад Хассан Ахундад НҮБ-аас хориг тавьсан юм. Учир нь тэрбээр Талибан бүлэглэлийн гишүүнээр 20 орчим жил ажиллахдаа Шура бүлгийн тэргүүн, зөвлөлийн удирдагчын албан тушаалыг хашиж байв. Түүний орлогчоор томилогдсон Абдул Гани Барадарыг удирдагчаар ажиллана хэмээн шинжээчид таамаглаж байлаа. Учир нь Барадар Катарын Доха дахь Талибаны улс төрийн товчоонд ажиллаж байсан төдийгүй АНУ болон Талибан хоорондын энхийн хэлэлцээрийг удирдаж байсан билээ. Тэрээр 20 жил цөллөгт байсан бөгөөд саяхан Афганистанд очжээ. Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Талибан хөдөлгөөний дэд тэргүүн, АНУ террорист байгууллага гэж үздэг Хаккани бүлгийн толгойлогч Сиражуддин Хакканиг томилжээ. Түүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж байгаа бөгөөд толгойг нь авчирсан хүнд 10 тэрбум ам доллар амлаад байгаа юм.
Түүний авга ах Халил Хакканыг дүрвэгсдийн асуудал хариуцсан сайдаар томилжээ. Халил Хакканыг Аль Кайда бүлэглэлтэй холбоотой байсан хэмээн үзэж толгойг нь авчирсан хүнийг таван сая ам доллараар шагнахаар болсон юм. Үүнээс гадна Халил Хакканы ойрын хоёр хүнийг, АНУ-д шоронд хоригдож байсан дөрвөн хүнийг түр Засгийн газрын албан тушаалд томилжээ.Тодруулбал, Нурулла Нуриг Хил, гаалийн асуудал хариуцсан сайдаар, Абдул Хак Васикыг Тагнуулын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр, Хайрулла Хайрыг мэдээлэл болон соёлын сайдаар, Мохаммад Фазил Мазлоомыг Батлан хамгаалахын дэд сайдаар томилсон байна.
Ийн энэ Засгийн газрын бүрэлдэхүүн Сөрөг хүчин, эмэгтэйчүүд, шашны бүлгийнхэн болон үндэстний цөөнхүүдэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь олон улсын удирдагчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Учир нь АНУ, Олон улсын валютын сан болон бусад томоохон байгууллагууд тусламжаа зогсоосон учир Афганистан улсын эдийн засаг хүндхэн байдалд ороод байгаа юм.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг эсэргүүцэн жагсаал болсны ихэнх нь улс төрийн оролцоонд тэгш эрхийг шаардсан эмэгтэйчүүд байв. Талибанчуудыг жагсаалыг хүчээр тараахдаа зарим жагсагчийн биед хүрсэн төдийгүй заримыг нь баривчилжээ. Засгийн газраа зарлахаас өмнө Талибууд эмэгтэйчүүдэд боловсрол олгох, нийгэм дэх тэгш оролцоог хангана гэдгээ амлаж байв. Гэвч Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлахдаа амлалтаа биелүүлсэнгүй. Сүүлийн хэдэн долоо хоногт Талибанчууд эмэгтэйчүүдийг гэртээ байхыг шаардан, зэвсэгтэй цэргүүд ажил хийж байгаа эмэгтэйчүүдийг ажлын байрнаасаа гарахыг тушаажээ.
Иймээс НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Прамила Паттен үндсэн хуулийн заалт, олон улсын гэрээгээр хүлээсэн бүх иргэнд тэгш эрхийг олгоно гэсэн үүргээ биелүүлэхийг Талибанчуудад уриаллаа. Тэрбээр “Тэгш эрхийг шаардан жагссан эмэгтэйчүүдийн эсрэг Кабулын эрх баригчид хүч хэрэглэсэн талаар сонсоод үнэхээр их санаа зовниж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн улс төрд оролцох эрх төдийгүй хүний эрхийг бүхэлд нь зөрчиж буйн тод илрэл юм” гэжээ. Үүнд Талибанчууд хууль бус жагсаал хийхийг зөвшөөрөөгүй хэмээн хариулжээ.
Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзайтай Ираны Гадаад хэргийн сайд утсаар холбогдон бүх бүлгийн хэлэлцээрт үндэслэн олон янзын угсаатны төлөөллийг оролцуулсан хүртээмжтэй Засгийн газар байгуулах шаардлагатайг тодотгон уриалжээ. Үүнд Талибаны хэвлэлийн ажилтан Забихулла Мужахид “Бид Афганистаны бүх иргэн, Афганистан даяар тулгарч буй асуудлыг бүх түвшинд ярьдаг. Бид угсаа гарвал нэг хүмүүс биш гэдэгт итгэдэггүй. Тиймээс шинэ Засгийн газар улс орны эрх ашгийг дээгүүрт тавин хамгаалж, Талибануудын гаргасан Шариагийн хуулийг дагаж мөрдөнө. Армийн газар удахгүй удирдлагын бүтцээ зарлана” гэсэн хариу өгчээ.Талибанчууд Афганистаныг удирдахдаа тус улсын олон үндэстний төлөөллийг оролцуулсан засгийн газар байгуулах амлалт өгч байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав