ЭМГЭНЭЛ

Монгол улсын Гавьяат багш,ахмад сурган хүмүүжүүлэгч, Даваажавын  Батсүх 2021 оны 09-рсарын 07-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Тэрээр 1944 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр-Баацагаан сумын зааг нутагт ард Даваажавын ууган хүү болон мэндэлжээ.

Бага дунд сургууль,1967 онд Улсын Багшийн Дээд Сургууль төгсч түүх газарзүйн багш мэргэжил эзэмшиж төрөлх нутагтаа ирснээс хойш Баянхонгор хотын 1-р сургууль,Баянцагаан сумын сургуульд багш,хичээлийн эрхлэгч,1982 оноос 1-р сургуулийн  захирал, 1986 оноос Аймгийн АДХГЗ (тэр үеийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны)-ны Ардын Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1990 онд Аймгийн Сургалт Заах аргын кабинетийн эрхлэгчээр томилогдон тус байгууллагыг зах зээлийн үед шинэ бүтэц,зохион байгуулалт,шинэ зорилгоор ажиллуулахад  ихээхэн ур ухаан,сэтгэл зүтгэл гарган ажиллаж,шинээр батлагдсан Боловсролын хуулийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн юм.

Түүний шууд зохион байгууллалтаар багш нарыг  монгол бичигт тайлах, Боловсролын хуульд шинээр орсон Албан бус боловсрол гэх  нэр томьёог хэрхэн ойлгох, түүний  дүр төрх болсон Албан бус боловсролын төвийг  аймагтаа буй болгох, ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй “Говийн эмэгтэйчүүдийн сурч амьдрах албан бус боловсролыг хөгжүүлэх” төсөлд аймгаа хамруулах зэрэг ажлыг амжилттай зохион байгуулсан билээ.

1992 оноос Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын Хэлтсийн дарга, Боловсрол Соёлын газрын дарга зэрэг удирдах албан тушаал хашиж байгаад 2008 онд гавьяаныхаа амралтандаа суужээ.

Боловсрол соёлын удирдах албанд 1982-2008 оныг дуустал тасралтгүй 26 жил ажилласан тэрээр хамт олноо мэдрэх онцгой чадвартай, хүнлэг, шударга, төлөвлөгч, зохион байгуулагч, манлайлагч, ямар ч хүний найз нөхөр, дотно туслагч нь байж чаддаг учраас жирийн нэгэн багшаас удирдах ажилтан болтлоо өсөн дэвшсэн.

Боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын орчныг бэхжүүлэх, удирдлагын чадавхийг дээшлүүлэх, сургууль завсардалтыг арилгах, боловсролын үйлчилгээг өргөтгөх, чанартай болгох зэрэг салбарын тулгамдсан асуудлыг даван туулахад идэвх санаачилга гарган ажиллахын зэрэгцээ Дани  улсын хөрөнгө оруулалттай “Данида” төсөл, Соросын сангийн “Сургууль-2001”, “Зуд”, “IRЕM” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг аймагтаа татан, амжилттай хэрэгжүүлж , 1995 онд БСШУ –ны яамтай хамтарч “Алтан намар” урлагийн уламжлалт наадмыг аймагтаа амжилттай зохион байгуулж байлаа. Д.Батсүх багшийн удирдсан Боловсролын газар нь ажлаараа улсад 8 удаа тэргүүлснээс 3 удаа нэгдүгээр байр эзэлсэн байдаг.

2008 оноос Дани улсын санхүүжилттэй “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төсөлд урин ажиллуулсан нь Д.Батсүх багшийн удирдах ажлын арга барил,хөдөө орон нутагт ажилласан туршлагыг үнэлсэн хэрэг байлаа. Энэ төсөлд ажиллаж байхдаа хөдөөгийн сургуулийн онцлог, тэнд ажиллах удирдлага ,арга зүйн асуудал,хөдөөгийн сургууль багш нарт туслах, сургалт семинарууд зохион байгуулах, дадлага ажлыг чиглүүлэх, дүгнэлт гаргахад нь туслах зэргээр багш нартай ойр ажиллаж байлаа. Эрхэм багшийн маань хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж  “Ардын Боловсролын Тэргүүний ажилтан” цол тэмдэг,”Алтангадас одон”,”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”,  Монгол улсын “Гавьяат багш” цол хүртээсэн билээ.

Талийгаачийн хүнлэг, нөхөрсөг зан, зарчимч, шударга байдал, удирдах ажлын зангараг, эр хүний ноён нуруу, ахмад багшийн ачлалт зөвлөгөө, итгэл даасан нөхрийн жудаг, эцэг хүний элбэрэл хайр, өрхийн тэргүүний нөмөр нөөлөг, авааль ханийн халамж хайр нь хань, үр хүүхэд, ач зээ, анд нөхөд, ахан дүүс, шавь нар, хамт ажиллагсад болон удирдлагад нь ажиллаж байсан олон зуун хүний сэтгэл зүрхэнд гэрэлт мөр үлдээн үүрд дурсагдах болно. Та минь сайн төрлийг олох болтугай.

 

                     Гэр бүл, найз нөхөд,

                     Монгол Улсын Боловсролын Их Сургууль,

                     Баянхонгор аймгийн ИТХ,

                     Засаг Даргын Тамгын Газар,

                      Боловсрол Соёл Урлагийн Газар,

                      Хамт ажиллаж байсан хэсэг нөхөд,

                      Сургууль,цэцэрлэг багш нарын төлөөлөл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button