Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө нар аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай нэг бүрчлэн танилцсан. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад тулгамдаад буй асуудлыг сонсон, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг нийслэлийн удирдлагуудад уламжлан, хэлэлцэхээ мэдэгдэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тавдугаар сарын 21-нд “Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж гаргасан. Үүний хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажил, шуурхай байдлыг шалгах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, байгууллага хооронд харилцан туршлага солилцуулах зорилгоор Улаанбаатар хотын инженерийн хангамж, гэрэлтүүлгийн ашиглалт, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд нэгэн дор цугласан нь энэ юм.
“Хот өвөлд бэлэн арга хэмжээг санаачлахаас өмнө өвөлдөө замын давсыг ихэвчлэн хүрзээр цацдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, зориулалтын техник ашиглаж эхэлсний дээр ажиллагсдаа өвлийн хувцас, дулаан гутлаар хангадаг болсон зэрэг сайн туршлага олныг нэрлэж болохоор байна. Цаашид улам сайжруулахын тулд уг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй” хэмээн УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун ярьж байлаа.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хот өвөлд бэлэн” арга хэмжээнд хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага оролцож байна. Тус байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлуудаа нээлттэй мэдээлэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС