Их Британи хүнсний хомсдолд орж болзошгүйг анхааруулав

Нийлүүлэлтийн асуудлаас үүдэн Их Британийн хүнсний үйлдвэрлэгчид хэцүүхэн зуныг давлаа. Тодруулбал, хураасан ургацаа хадгалах хангалттай том зай талбайтай сэрүүн агуулах дутагдсанаас бүтээгдэхүүнүүд муудаж, улмаар хаяхад хүрсэн билээ. Мөн ургац хураах ажилчид хангалттай байгаагүй нь ч хүнсний бүтээгдэхүүнээ хаях бас нэгэн шалтгаан болов. Цар тахлын улмаас дэлхийн олон орон хүнсний дутагдалд орсон ч Их Британид энэ асуудал илүү их хор уршиг тарьж байгааг Зүүн Шотландын тариаланчдын газрын дэд дарга Браун ярилаа. Түүний хэлснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хоёр чухал зүйл  болох тариалсан хүнсний бүтээгдэхүүнүүдээ хураан  авах, дэлгүүрээс тараахад аль алинд ажиллах хүч хомсджээ. Тухайлбал, шинэ хүнсний ногоог сэрүүн хадгалах агуулах руу зөөх жолоочийн тоо багассанаар  долоо хоногт 1.4 сая ам долларын өртөг бүхий бүтээгдэхүүний алдагдалд орсон байна. Мөн ургац хураахаар Румын, Болгараас ирдэг ажилчдын тоо эрс цөөрч, дутагдаж эхэлжээ.Энэ талаар Зүүн Шотландын тариаланчдын газрын дэд дарга Браун “Хөл хорионы улмаас Румын, Болгараас ургац хураалтын ажилчдын зарим нь ирж чадахгүй болсон.  Ирсэн зарим нь их мөнгө олчхоод л төлөвлөсөн хугацаанаасаа эрт нуцаг буцаж байна. Ийн ажиллах хүчний дутагдлаас үүдэн ургацынхаа 10-15 хувийг алдаж, 280 мянга орчим ам долларын алдагдалд орсон” гэв.Ачааны машины жолоочын хомсдол хамгийн ноцтой асуудал нь байж болзошгүй. Одоогоор Их Британи улсын хүнсний үйлдвэрлэгчид 90-120 мянган ачаа машины жолоочийн дутагдалд орсныг мэдээлэв. Жолоочоор суралцахад есөн сар шаардагдах ч 7000 орчим ам доллар төлдөг учир залуу хүмүүс төдийлөн  сонгохгүй байгаа аж.

Жолооч хомсодсоноос компаниуд өдөрт ганцхан ачааны машинаар бараагаа хүргэхэд тулжээ. Үүний улмаас жолооч нар савласан цэвэр ус гэхээсээ хурдан муудах бүтээгдэхүүнийг хамгийн эхэнд хүргэхэд анхаарлаа төвлөрүүрэн ажиллаж байгаа юм. Үүнээс улбаалан Их Британийн томоохон супермаркетууд  Зул сарын баяр гэхэд хүнсний дутагдалд орж, тавиурууд хоосрохыг “The Times” сонин  урьдчилан мэдээлжээ. Энэ талаар Манчестерын их сургуулийн улс төрийн профессор Роб Форд “Одоогийн тулгамдаж байгаа асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулж байна. Ажиллах хүч хомсодсоны улмаас олон цагаар ажилласан жолоочийн гэр бүл болоод хүүхдүүд нь тэжээлийн дутагдлаас болж өвдөж магадгүй” гэв.

Мөн тус улсын загас агнуурын аж ахуй эрхлэгчид бүтээгдэхүүнээ Европ руу импортлоход ямар нэгэн асуудал үүсэхгүй хэмээн итгэж байв. Гэвч завинууд далай гаталж чадахгүйгээс эхлэн загасаа муудахаас нь өмнө худалдаалахад хүндрэл үүсч, буцаан ус руу хаяхад хүрчээ.

Их Британи улс өнгөрсөн оны зул сарын баяр буюу шинэ жилийнхээ өмнө Европын холбоотой Брекситийн худалдааны тохиролцоонд хүрсэн. Ингэснээр тус улсын бизнес эрхлэгчид, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн олон нийт баярлаж байв.Гэвч хэрэгжсэн бодит зүйл алга.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Б.Должинжав

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button