Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулав
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдал, шинээр байгуулж буй Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.
Терминалыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн шаардлагатай бэлтгэлийг хангуулах, худалдан авагч аж ахуйн нэгжүүдтэйгээ нүүрс тээврийн төлөвлөгөөг өдөр бүрээр нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх зэрэг ажлыг энэ сарын 23-ны дотор багтаан хийж гүйцэтгэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа. Терминал байгуулах ажлыг энэ оны долдугаар сарын 6-наас эхлүүлсэн юм.
Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тн нүүрс экспортолж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Товч мэдээ
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг танилцуулаад Засгийн газраар хэлэлцэхээр болов.
· Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжин, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хуулийн төслийг Монгол банктай хамтран боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болгов.
· Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэл болон санхүүжилтийн төрийн сан дахь гүйлгээний явц, арга хэмжээний талаар Сангийн сайд танилцууллаа.
· “И-Монгол академи” төрийн өмчит үйлдэрийн газрыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгууллаа. Тус газар байгуулагдсанаар салбар бүрт мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр нэвтрүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн систем, дэд бүтцийн найдвартай, тасралтгүй ажиллагаа хангагдахаас гадна төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн удирдан зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
· Импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах эрүүл ахуй, халдвар судлал, хорио цээрийн шаардлагыг тогтоох журмыг баталлаа.
Оллоо.мн