Талибан: Түр Засгийн газар эерэг өөрчлөлтийг авчирна
Талибанчуудад эзлэгдсэн Афганистан улс руу илгээсэн дэлхийн улс орнуудын хэдэн зуун сая ам долларын яаралтай тусламжийг талибанчууд мягмар гарагт алга ташин хүлээн авав. Гэвч АНУ тэргүүтэй улс орнууд Талибаны түр Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжиллээ. Талибаны Гадаад хэргийн сайдын үүргийг түр гүйцэтгэгч Амир Хан Муттаки тусламжийг хэрэгцээт хүмүүст нь олонд ил хүргэнэ гэдгээ амлав. Тэрбээр “Афганистаны иргэдэд тусламж нэн шаардлагатай байгаа. Гэхдээ энэ хүмүүнлэгийн тусламж нь улс төрийн ямар нэгэн учир шалтгаангүй. Манай Засгийн газар Афганистаны нийгмийн бүх давхаргад хүрч үйлчилнэ. Түр Засгийн газар эерэг өөрчлөлтийг авчирна” гэв.
Олон жил үргэлжилсэн мөргөлдөөн, ган гачиг, цар тахал гэсэн хэд хэдэн гамшгийн улмаас Афганистан улс аль хэдийнэ ядууралд өртөөд байгаа юм. Талибанчуудад эзлэгдсэнээс хойш гадаадын тусламж зогссон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын валютын сан тусламжаа зогсоож, АНУ Афганистанд туслах хэдэн тэрбум ам долларыг царцаасан билээ. Учир нь АНУ тэргүүтэй орон зөвхөн эрэгтэйчүүд л засагладаг Талибанаар удирдуулсан Засгийн газрыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Талибанаар удирдуулсан түр Засгийн газрын нэр хүнд маш хурдан хугацаанд олон улсад уналаа. Учир нь тус Засгийн газар нь Талибанчуудын хүрээллээс бүрдсэн төдийгүй эмэгтэйчүүдийг албан тушахалд томилоогүй. Мөн ихэнх гишүүд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан” гэв. Харин Женевт болсон даваа гарагийн хурлаар хүмүүнлэгийн хямралтай нүүр тулсан Афганистанд нэг тэрбум ам долларын тусламж үзүүлэхээ НҮБ амласан билээ. Мөн тун удахгүй тус улсын иргэд хоол, хүнсний дутагдалд ороход ойрхон байгааг сануулсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин