Г.Энхбат: Бага хүүтэй орон сууцны зээл нь харилцагчдаа дэмжиж буй нэг хэлбэр юм

Иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгө, орон сууцны эрэлт хэрэгцээ хэзээд өндөр байсаар ирсэн. Харин орон сууцны зээл буюу ипотекийн зээл нь орон сууц худалдан авахад санхүүгийн оновчтой шийдэл болдог. Голомт банкны зүгээс цар тахлын хүнд нөхцөлд иргэд, харилцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 1%-ийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн юм. Харин бид үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж буй хүмүүст зориулан Голомт банкны “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн захирал Г.Энхбаттай ярилцсаныг хүргэж байна. 

– Сайн байна уу? Цаг гарган ярилцлага өгч байгаад баярлалаа.

– Сайн. За баярлалаа.

– Хоёулаа яриагаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс эхэлье. Ковид-19 цар тахлаас үүдэн улс орны төдийгүй дэлхий нийтийн эдийн засаг уналтад ороод байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар нөлөө үзүүлж байна вэ?

– Дэлхий нийт энэ өвчнөөс бүрэн салах боломжгүй тул бид цаашдаа цар тахалтай зэрэгцэн ажиллаж, амьдрахаас өөр аргагүйд хүрч байна. Улс орнууд ч эдийн засгаа сэргээх арга хэмжээг шат дараатайгаар авч эхэлсэн. Голомт банкнаас хийдэг “Үл хөдлөх хөрөнгийн судалгаа”-ны дүнгээс харахад 2021 онд Улаанбаатар хотод нийт 260 гаруй төсөл хэрэгжиж байгаа ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.4 дахин их тоо юм. Үүний шалтгааныг бид цар тахлын үеийн хөл хорио, ачаа тээврийн удаашралтай байдлаас үүдэн ажлаа зогсоосон байсан төслүүд энэ онд дахин хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэж харж байна. Түүнээс гадна хөл хорио үргэлжлэх хугацаанд хүмүүс гэртээ өнгөрөөх цаг ихсэж, гэрийнхээ орчин нөхцөлийг сайжруулах талаар илүү эргэцүүлж эхэлсэн. Нөгөө талд барилгын төсөл хэрэгжүүлэгчид маань ч үүнийг мэдрээд, орчин нөхцөлийн хувьд бүрэн шаардлага хангахуйц, тав тухтай, хүний хэрэгцээнд тулгуурласан орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг барьж эхлээд байна.

– Иргэдийн дунд  орон сууцны зээлийн эрэлт, хэрэгцээ их байдаг. Голомт банкнаас ямар төрлийн орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг олгож байгаа вэ?

– Зах зээл дээр хамгийн эрэлт ихтэй нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн 6%-ийн хүүтэй зээл байдаг. Гэвч энэхүү бүтээгдэхүүн маань тодорхой шалгуурын хэмжээнд зорилтот бүлэгт олгох зориулалттай. Энэ нь харилцагчийн хувьд хүссэн талбайтай үл хөдлөх хөрөнгөө худалдан авах боломжийг хязгаарладаг. Энэхүү нөхцөл байдалд тулгуурлан Голомт банкны зүгээс харилцагчдадаа сарын 1%-ийн хүүтэй орон сууцны зээлийг санал болгож эхэлсэн.  

– Бага хүүтэй зээл нь иргэдэд санхүүгийн асуудлыг шийдэх боломж болдог. Тиймээс орон сууцны 1%-ийн хүүтэй зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

– Тэгэлгүй яахав. Бага хүүтэй орон сууцны зээл нь харилцагчдаа дэмжиж буй нэг хэлбэр юм. Голомт банк арилжааны банкнуудаас хамгийн бага хүүг тогтоож, сарын 1%-ийн хүүтэй орон сууцны зээлээ он дуустал олгохоор болсон. Гэхдээ энэхүү зээлийг зөвхөн манай банкны хамтран ажиллаж буй орон сууцны төслүүд дээр олгох нөхцөлтэй бөгөөд Голомт банкны аль ч салбараар үйлчлүүлэн энэхүү зээлд хамрагдах боломжтой. 

– Энэхүү зээлд ямар орон сууцны төслүүд хамтран ажиллаж байгаа вэ? 

– Голомт банкны хувьд энэ зээл дээр нийт 50 гаруй /Жишээ нь: Мандала гарден, Вега сити, Актив гарден, Морьтон резиденс, Хан төгөл хотхон гэх мэт/ төслүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнд ойрын хугацаанд хэрэгжиж буй орон сууцны томоохон төслүүд ихэнх нь багтсан. Цаашид ч бид олон сайн төслүүдтэй хамтран ажиллах зорилготой байгаа.

– Банк бол зээл олгодог, арилжаа хийдэг байгууллага гэсэн нийтлэг ойлголт байдаг. Харин “Homeland орон сууцны зээлийн төв” ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

– Хүн орон сууцаа сонгоно гэдэг амьдралдаа цөөн гаргадаг чухал шийдвэр, хамгийн том хөрөнгө оруулалт байдаг. Харин Голомт банкнаас хөрөнгө оруулалт хийсэн шийдвэртээ харамсахгүй, зөв сонголт хийхэд иргэдэд туслах зорилгоор энэхүү зээлийн төвийг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн хамт олон харилцагчдад зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт хийхэд нь зориулсан, хамгийн бага хүүтэй зээлийн санхүүжилтийг олгох үйлчилгээ үзүүлж байна. Нөгөө талаас худалдан авч буй харилцагчийн хөрөнгийг оновчтой, үнэ цэнтэй байлгах зорилгоор хамтрагч барилгын төслүүдэд 360 градусын үнэлгээ хийж ажилладаг.  

– Цар тахал, газар хөдлөлттэй холбоотой хүмүүс амины орон сууц ихээр сонирхох болсон гэж сонссон. Танай төвөөс бусад төрлийн үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах боломжтой юу?

– Манайх орон сууцнаас гадна амины орон сууц, хувийн орон сууц, оффисын талбай, үйлчилгээний талбайн зээлийг олгож, харилцагчдыг зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг. Мөн цаашид бид илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үүднээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар дата, судалгааг олон нийтэд чиглэсэн контент, сургалт, арга хэмжээгээр дамжуулан тогтмол хүргэх төлөвлөгөөтэй байна.

– Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд болон “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.

– Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье. 

Эрхэм харилцагч та “Homeland орон сууцны зээлийн төв”-өөр үйлчлүүлснээр судалгаа шинжилгээтэй, мэргэжилтний зөвлөгөөнд үндэслэн, хамгийн тохиромжтой үл хөдлөх хөрөнгийг таатай нөхцөлтэй, орон сууцны зээлээр худалдан авах боломжтой. 

Холбоо барих: 1800-1646 

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button