Д.Сумъяабазар: Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, уян хатан зохицуулалт хийх хэрэгтэй байна
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ирэх сарын 25-н гэхэд өвөлжилтөд шаардлагатай бодис, давс зэргийг нөөцөлнө
-Шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим өрхийн халуун ус ирээгүй байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэж, айлууд халуун устай болох вэ?
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна. Үүний дотор шугам сүлжээний засвараас үүдэн халаалтаа аваагүй 40 барилга бий. Шугамд гэмтэл гарч, засвар хийж байгаа. Мөн төлбөрөө төлөөгүй есөн барилга, байгууламжийн халаалтыг өгөөгүй. Зарим аж ахуй нэгж аравдугаар сарын 1-ээс халаалтаа авмаар байна гэх хүсэлт ирүүлсний дагуу халаалтыг нь өгч эхлээгүй байна.
-Сургууль, цэцэрлэгийн 13 барилгын гаднах болон доторх инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай ч мөнгөгүй гэж байна. Засвар хийж чадахгүй бол эдгээр байгууллага өвөл хөлдөх үү. Асуудлыг яаж шийдэх вэ?
-Ерөнхий боловсролын сургууль болоод цэцэрлэгүүдийн шугам сүлжээ их муудсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлуудын талаар хэлэлцдэг. Ийнхүү тухайн жилийн өвөл хүндрэл үүсэж болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудын шугам, сүлжээг Засаг даргын нөөц хөрөнгөөс төсөв гарган засварладаг. 2017-2020 оны хооронд нийт 113 сургууль, цэцэрлэгийн шугам, сүлжээг зассан байна. Ингэснээр өвөлдөө ямар ч шугам, сүлжээний асуудалгүй өвөлждөг юм. Энэ жил 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээнд засвар хийх хэрэгтэй гэх тооцоо гарсан. Засвартай холбоотой санхүүгийн асуудлууд төсвийн тодотголоор шийдэгдэнэ. Эдгээр барилгыг дотор нь эрэмбэлэн шат дараалалтайгаар засварлаж байгаа. Тус 13 барилгын халаалт хэвийн ажиллаж байгаа. Гагцхүү өвөл шугам, сүлжээнд нь гэмтэл, хүндрэл үүсэж магадгүй гэх үүднээс болгоомжилж, засвар хийхээр жагсаалтад оруулсан юм.
-Давс болон бодисын тендер зарлан, шалгарсан компанитай гэрээ байгуулсан. Хэдэн тонн давс, бодис импортлон нийлүүлэх вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ нийт 4200 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 4000 гаруй тонн давс нөөцөлдөг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 1700 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 500 гаруй тонн давсны нөөцийн үлдэгдэлтэй байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2000 тонн тусгай зориулалтын бодис, 600 тонн давс авахаар тендер зарласны дагуу гүйцэтгэгч байгууллага нь шалгарсан. Үүний дагуу аравдугаар сарын 25 гэхэд ОХУ-аас шаардлагатай давс, бодисыг оруулж ирэх ёстой гэж заасан байгаа. Мөн дүүргүүд рүү харьяа орон сууцны доторх зам, туслах замуудын арчилгаа бүрэн шилжих бөгөөд дүүрэг өөрийн хөрөнгөөр замын арчлалтыг шийднэ.
Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна
-Гурван настнуудыг цэцэрлэгт нэмж авна хэмээн БШУЯ-наас мэдээлсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Өнөөдөр цэцэрлэгүүдээр явж нөхцөл байдалтай танилцсан. Одоогоор цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна. Хүүхдүүдийн ирц бага байгаа гэсэн үг. Гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ямар нэг ажил нийслэлд хийж эхлээгүй байна. БШУЯ-наас чиглэл ирвэл уг ажлыг тухай бүрд нь зохион байгуулаад явна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Боловсрол, шинжлэх ухааны сайдтай Нийслэлийн Боловсролын газар хамтраад тус салбарт хийх гэж буй шинэчлэлттэй холбоотой асуудалд нэгдсэн нэг ойлголттой болохоор ажиллаж байна. Уг хоёр байгууллага удирдлага, зохион байгуулалтынхаа хувьд бодлого, чиглэлдээ хамтрах, илүү нягт ажиллах ёстой. Монгол Улсын боловсролын салбарын 50 хувь нь Улаанбаатар хоттой хамаарал бүхий үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын бодлогоос зөрсөн бодлого байх ёсгүй. Бодлого, үйл ажиллагааны хэмжээнд нэгдсэн нэг байр суурьтай ажиллах ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа.
Д.Сумъяабазар: “Эрчис ойл” компанид хувийн оролцоо байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна
-Хотын даргын хамаарал бүхий “Эрчис ойл” компани 100 тэрбум төгрөгийн шатахууны эрсдэлийн сан байгуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Шатахуунтай холбоотой асуудал сүүлийн үед иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа. АИ-92 бензиний хэрэглэгчийн 70 хувь нь нийслэлд бий. Шатахууны томоохон зах зээл нь Улаанбаатар хот гэсэн үг. Нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүргэнэ гэдэг бол дордсоны шинж гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүний хувьд харж байгаа. “Эрчис ойл” компанитай холбоотой асуудлыг зарим сэтгүүлч өөрсдийн өнцгөөс мэдээлэн, нийгэмд худал ташаа ойлголт түгээж байна. Тухайн компанийн дотоод зохион байгуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй мөртлөө буруу зөрүү мэдээлэл өгч, хүнийг гутаан доромжилж байгаад маш их харамсаж байгаа. “Эрчис ойл” компанийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан. Үүний үр дүнд тухайн үед намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад шатахууны үнийг тогтвортой түвшинд барьсан. Ингэснээр 52 тэрбум төгрөгийг ард түмнийхээ халаасанд үлдээж чадсан юм. Үнэ тогтвортой байсан, цаашдаа ч тогтвортой байх бололцоотой байлаа. Харамсалтай нь тухайн үед байсан төрийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж чадаагүйн улмаас үнийн асуудал дээр цэвэр бодлогын алдаа гарсан гэж харж байна. Үүнээс үүдэн хангамжийн асуудал дээр ч цэвэр бодлогын алдаа гарлаа. Үнийн хамгаалалт дээр хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр АИ-92 бензин 1600 төгрөгөөс дээш өсөхгүй байсан юм. 1550-1600 төгрөгийн хооронд үнийг барих боломжтой байлаа. Үүнтэй уялдаад шатахууны хангамжийн асуудлыг тогтвортой барих бүрэн бололцоотой байв. Зөв зүйлүүд дээр нь төрийн залгамж халааг үргэлжлүүлэх ёстой гэдэг нь үүнээс харагдаж байна. Шатахууны нөөц бол байгаа. Тодруулбал, 17 мянган тонн буюу хагас сарын хугацаатай шатахууны нөөц хангалттай бий. Шатахууны салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүд хэт болгоомжлон, бензин хилээр орж ирэхгүй байх магадлалтай гэж урьдчилан сэргийлсний улмаас ийм асуудал үүссэн гэж харж байгаа. “Эрчис ойл” компанид хувийн оролцоо нэг ч байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Тус компани бол газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулах чиг үүрэг бүхий газрын тосны үйлдвэр дор худалдааны эрхтэйгээр байгуулсан охин компани. Олон улсад газрын тосны үйлдвэрийн гаргасан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд худалдаалах эрхтэй охин компаниуд байдаг. Үүний нэг жишээ нь "Роснефть". Энэ бол ирээдүйг харсан зөв алхам байсан гэдгийг өөрийн зүгээс баттай хэлмээр байна. Үүнд ямар нэг хувийн сонирхол байхгүй. Хувийн сонирхлоор орох, оруулах ямар ч боломж байдаггүй гэдгийг хэлье.
-Нийслэлийн энэ оны төсвийн гүйцэтгэл ямар түвшинд байна вэ?
-2021 оны нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад тааруу байна. “Ковид 19”-тэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаасны улмаас тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарсан. Нийслэлийн гол суурь орлого буюу нийт төсвийн 60.5 хувийг хүн амын орлогын татвар бүрдүүлдэг. Мэдээж аж ахуй нэгж байгууллагуудаас уг орлого бүрдэнэ. Одоогоор нийслэлийн төсвийн орлогыг төрийн албан хаагчийн цалингийн суутгал л бүрдүүлж байна гэхэд буруудахгүй. Тэгэхээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх боломж хумигдсан гэсэн үг. Иймд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үе шаттайгаар нээн, уян хатан зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: -Наймдугаар сарын байдлаар нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 84 хувьтай хэрэгжиж байна. Хотын дарга төсвийн орлогын тасалдлын талаар ерөнхий мэдээлэл өглөө. Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ-аар баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийслэлийн үйл ажиллагаа, дотоод төсөв, зардалтай холбоотой асуудлуудад өөрчлөлт хийхээр болж байна. Аравдугаар сарын 7-нд НИТХ хуралдаж, төсөвт тодотгол хийнэ. Одоогоор Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай 2022 оны нийслэлийн төсвийн талаар хэлэлцэж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байна. Иймэрхүү асуудалтай холбоотойгоор хотын стандартыг хэрхэн тогтоох вэ?
-Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дэд бүтцүүд үнэхээр хангалтгүй байгаа нь үнэн. Одоо байгаа замууд явган хүнд зориулсан таатай нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Ирэх жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод явган хүнд зориулан дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр тусад нь нэгж гарган, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход саадгүй байх, автомашины замтай огтлолцох огтлолцлыг цөөрүүлэх тал дээр бид бүхэн анхааран ажиллаж байгаа.
Б.Бямбадорж: Коронавирусээр эрүүл мэндийн салбарынхан ихээр өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байна
-Коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүйн улмаас иргэд гэртээ нас барж байна. Орны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий юү?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын 194 сургуулиас 1000 гаруй тохиолдол илэрсэн. 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 31 их, дээд сургуулиас 469 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын тохиолдол бүртгэгдсэн үед бусдад халдаахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр ажиллаж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг тус бүрд баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн. Гэвч бодит байдалд 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Одоогоор нэн яаралтай хэвтэх шаардлагатай 200 орчим хүн нийслэлд бий. Харин зайлшгүй хэвтэх заалттай 800 орчим иргэн байна. Коронавирусийн энэ удаагийн давлагаагаар эрүүл мэндийн ажилчид ихээр өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Үүнээс үүдэн өвчний аюулгүй байдал алдагдан, эмчилгээ тасалдсанаар ор дэлгэхэд хүндрэл үүсээд байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС