Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн сэргэлт удааширч байна

ВАШИНГТОН, 2021 оны 9-р сарын 27 -Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн сэргэлт КОВИД-19 вирусийн дельта хувилбарын тархалтаас үүдэн удааширч, улмаар аж ахуйн нэгж, айл өрхөд ирэх дарамт даамжирч, эдийн засгийн өсөлтийг сааруулан, тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байна хэмээн Дэлхийн Банкнаас мэдээлэв.    

 

Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн 2021 оны намрын эдийн засгийн шинэчилсэн тойм” тайланд эдийн засгийн идэвхжил 2021 оны хоёрдугаар улиралд саарч эхэлснийг тэмдэглэн, бүс нутгийн ихэнх орнуудын өсөлтийн төлвийг бууруулжээ. Хятадын эдийн засаг 8.5 хувиар тэлэх төлөвтэй байгаа бол бүс нутгийн бусад орнууд дунджаар 2.5 хувиар өсөх төлөвтэй байгаа нь 2021 оны 4-р сард тооцоолж байснаас бараг 2 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Ажил эрхлэлт, ажиллах хүчний оролцоо буурч, 2021 онд 24 сая орчим хүн ядуурлаас гарч чадалгүй үлдэхээр байна. 

 

“Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтийн чиг хандлага өөрчлөгдөхөөр байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла Ферро хэлэв. “Дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад 2020 онд тус бүс нутагт КОВИД-19-ийн тархалтыг сайн хянаж чадсан ч 2021 он гараад КОВИД-19-ийн тохиолдол нэмэгдсэн нь 2021 оны өсөлтийн боломжийг хумьж байна. Гэсэн хэдий ч тус бүс нутаг урьд өмнөх хямралуудыг даван туулахдаа илүү батжиж, хүчтэй болон гарч ирж байсан бөгөөд энэ удаагийн хямралыг ч мөн бодлогын зөв арга хэмжээгээр дамжуулан даван туулах боломжтой” хэмээв.

 

КОВИД-19 дахин дэгдэж, цар тахлыг хумихад хүндрэлтэй байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, урт хугацаанд тэгш бус байдлыг нэмэгдүүлэх магадлалтай хэмээн уг тайланд дурджээ. Цар тахалгүй үед санхүүгийн чадамжтай байсан компаниуд цар тахлаас шалтгаалан дампуурснаар тэдний биет бус хөрөнгө алдагдаж байгаа бол хямралыг даван туулж үлдэх компаниуд бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа хойшлуулж байна. Эдгээрээс, жижиг компаниуд хямралд хамгийн их өртөж байна. Ихэнх компаниуд ямар нэг бэрхшээлтэй тулгарч байгаа ч том компаниудын хувьд борлуулалт буурч, дэвшилтэт технологи нэвтрүүлж, төрийн дэмжлэг авах магадлал өндөр байна. 

 

Айл өрхүүд, ялангуяа ядуу өрхүүд орлогогүй болох, хоол хүнсний хомсдолд орох, хүүхдүүдээ сургуулиас завсардуулах, мөн эд хөрөнгөө худалдах зэргээр хохирол амссан байна. Үүнээс үүдэх хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хүний капиталын алдагдал, өгөөж бий болгодог хөрөнгийн алдагдал нь айл, өрхийн ирээдүйн орлогод сөргөөр нөлөөлнө. Компани хоорондын тэгш бус байдал нэмэгдсэнээр ажилчид хоорондын тэгш бус байдлыг мөн нэмэгдүүлж болзошгүй юм. 

 

“Хүндрэлд ороод буй улс орнууд хүн амаа хурдтай вакцинжуулах, шинжилгээ авах хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг КОВИД-19-ийн халдварыг хянах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2022 оны эхний хагасаас эхлэн эдийн засгаа дахин идэвхжүүлж, өсөлтөө хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой” гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадита Мату хэлэв. “Гэхдээ урт хугацаанд зөвхөн дорвитой шинэчлэл хийж байж тус бүс нутаг энэ зуунд байгаагүй эдийн засгийн өсөлтийн удаашрал болон тэгш бус байдлын тэлэлтийн хавсарсан хүндрэлийг тойрч чадна” хэмээв. 

 

Энэхүү тайланд Индонез, Филиппин зэрэг бүс нутгийн ихэнх орнууд 2022 оны эхний хагаст хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулах боломжтой гэж үзжээ. Энэ нь халдварыг нэг мөр арилгахгүй ч нас баралтыг эрс бууруулж, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх боломжийг олгох юм. 
Гэсэн хэдий ч бүс нутгийн хэмжээнд КОВИД 19 цар тахлын даамжралыг арилгахын тулд дөрвөн чиглэлээр томоохон хүчин чармайлт гаргах шаардлагатай юм. Үүнд: вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн вакцины эргэлзээ болон түгээлтийн хүчин чадлын хязгаарлалтыг шийдвэрлэх; халдварыг хянахын тулд шинжилгээ, мөшгөлт болон тусгаарлалтын үйл ажиллагааг сайжруулах; вакцины импортын хараат байдлыг бууруулахын тулд бүс нутгийн хэмжээнд вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх; мөн эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлж, тус вирусийн халдвар дарагдахгүй байх эрсдэлд чиглэн бэлтгэл хангах явдал болно. Тэр дундаа эдийн засгийн чадамж сул орнуудын хувьд дээрх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг олон улсын тусламжаар дэмжих шаардлагатай байна.

 

Эрчимтэй вакцинжуулсны үр дүнд бүс нутаг дундаа Монгол Улс хүн амынхаа 60-аас дээш хувийг бүрэн вакцинжуулсан хоёр улсын нэг болоод байна. Вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсны зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирч, засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөр, арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5 хувиар, 2022 онд 5.2 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны 2-р улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна. 

 

“Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх боловч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэж, урт хугацаанд өрх гэрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэдэг зовнилыг бий болгож байна” гэж  Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ. “Тийм ч учраас цар тахлыг хумьж, гадаад орчны харьцангуй таатай нөхцөлийг ашиглан эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй дэмжлэг, зарцуулалтуудыг аажмаар бууруулах нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний төсвийн шинжтэй зарцуулалт нь далд өрийг нэмэгдүүлэх, гадаад орчны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй юм”.

 

КОВИД-19-ийн тархалтыг дарахаас гадна эдийн засгийг эрчимжүүлж, хүртээмжтэй болгох цогц стратеги шаардлагатай байна. Уг хямралаас гарч буй нэг эерэг тал болох технологийн хурдацтай хэрэглээ нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, боловсролыг ардчилж, төрийн байгууллагуудыг өөрчлөх боломжтой болохыг энэхүү тайланд тодорхойлсон байна. Энэхүү эерэг нөлөөг дэмжих бодлогын шинэчлэлүүд мөн шаардлагатай юм. Тухайлбал, дэвшилтэт технологийг бизнестээ нэвтрүүлэхэд шаардлагатай ур чадварыг бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтад нээлттэй; бизнес эрхлэгчид шинэ технологийг нэвтрүүлэх хөшүүргийг бий болгоход чиглэсэн өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Сургалт, заах ур чадварын чанар, сургалтын хөтөлбөр, агуулгын ач холбогдлыг сайжруулах зэргээр боловсролын салбарт олон жил хүлээгдэж буй шинэчлэлийг хэрэгжүүлснээр боловсролын салбар дахь шинэ технологийн үр өгөөжийг илүү хүртээмжтэй болгох боломжтой.
 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button