Халдвар авах иргэдийн тоо нэмэгдсэн ч дархлаажуулалтад хамрагдалт сул байна
Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар /2021/009/30/ коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд НОК болон НЭМГ-аас 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа, молекул биологийн лабораторийн шинжилгээ, халдвар илрүүлэх шинжилгээ, халдварын эсрэг дархлаажуулалт, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тандалт, хариу арга хэмжээ, тусгаарлан эмчлэх байр, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх ор зохицуулалт, эмийн сангуудын хамтын ажиллагаа орно. Мөн 500 гаруй эмийн сангийн нөөцийг долоо хоногоор гаргаж, 24 цагаар ажиллаж байгаа эмийн сангийн үйл ажиллагаанд мониторинг хийн ажиллаж байна. Мөн ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд сүүлийн нэг сар халдварын тархалт огцом нэмэгдсэн. Бид халдварын батлагдсан тохиолдол, ойрын хавьтал, шинж тэмдэг илэрсэн иргэдийн мэдээллийг долоо хоногоор гаргаж байна. Халдварын тархалт нэмэгдсэнийг хэвтэн эмчлүүлэгчид болон тусгаарлах байранд байгаа хүмүүсийн тооноос харж болно. Халдварын нөхцөл байдлыг нэг сараар илэрхийлэхэд есдүгээр сарын 28-ны байдлаар 92 мянга болж нэмэгдсэн. Нас баралтын байдлыг дунджилбал өдөрт найман тохиолдол гарч байна. Халдварын эсрэг дархлаажуулалт 35 дахь долоо хоногоос суларсан. Халдварын тохиолдол, шинж тэмдэг илэрсэн иргэдийн тоо нэмэгдээд байхад дархлаажуулалтын хоёр, гуравдугаар тунд хамрагдалт суларч байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсанаар коронавирусийн халдвараас сэргийлж чадна. Тиймээс иргэдийг гуравдугаар тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Батлагдсан тохиолдол, эмнэлэг, тусгаарлах байрны хяналтад байгаа иргэдийн тоо сүүлийн дөрвөн долоо хоногт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ирэх ачаалал нэмэгдэж байна. Гэрийн хяналтад өнөөдрийн байдлаар 36 мянга гаруй хүн бий. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн эзлэх хувь нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удаашрах, эмч, сувилагч, эмнэлгийн ачаалал мөн нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн долоо хоногоос өмнөх хугацаанд эмнэлгээс гарч байгаа иргэд болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн харьцаа тогтвортой байсан бол өнөөдрийн байдлаар эмнэлгээс гарч байгаа хүн бага байгаа юм. Тиймээс эмнэлгийн орны эргэлт удааширч байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрийн байдлаар 5986 ор дэлгэсэн. Гэтэл 6639 хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь 109 хувийн ачаалалтай ажиллаж байгааг харуулж байгаа юм. Бид зайлшгүй хэвтэн эмчлүүлэх заалттай иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх зохион байгуулалтыг хийж байгаа. Хэвтэн эмчлүүлэгчдийн дунд нэн хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо их байна. Коронавирусийн мутацлагдсан хувилбар илрэхээс өмнө иргэд 14 хоног хэвтэн эмчлүүлж байсан бол одоо 21 хоног хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор орны ачаалал нэмэгдэж байгаа юм” хэмээн ярив.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Н.Сугар: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд оноштой байна
-Хөнгөн шинж тэмдэгтэй иргэд танил талаараа эмнэлэгт хэвтэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: -Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштой байна. Үлдсэн 20 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй боловч жирэмсэн, хавсарсан суурь өвчтэй, хавдрын шинж тэмдэгтэй, эмнэлгийн байнгын хяналтад байх шаардлагатай хүмүүс байгаа юм.
-Эмнэлгийн орны зохицуулалтыг яаж хийж байгаа вэ?
-Өмнө нь эмнэлгүүд орны зохицуулалтаа өөрсдөө хийдэг байсан. Харин одоо хаана сул ор байгаа талаарх мэдээлэл УОК-т нэгтгэгдэж, тэнд ор хуваарилах баг ажиллаж эхэлсэн. Ингэснээр тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болбол хаана сул ор байна вэ гэдгийг хайж явах шаардлагагүй, зөвхөн УОК-т мэдэгдэнэ. УОК хаана сул ор байгаа талаарх менежментийг хийх учир хугацаа алдахгүй. Энэ зохицуулалтыг хийхээс өмнө иргэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарснаас хойш гурван хоног хүлээх тохиолдол гарч байсан. Харин өнөөдрийн байдлаар нэг хоногтоо багтаан хэвтэх зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг Шуурхай штабаас өгч байна.
-Орны тоог яагаад нэмэхгүй байгаа вэ?
-Үүнд нэгдүгээрт, хүн хүчний асуудал байна. Хоёрдугаарт, орыг олноор нэмэх нөхцөлийг хангах хэрэгтэй байдаг. Учир нь тухайн бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ор дэлгэж байгаа байрыг стандартын дагуу дэглэм сахиулж нээх шаардлагатай байдаг. Тиймээс бэлтгэл ажлууд багагүй хугацаанд хийгддэг. Хамгийн сүүлд есдүгээр сарын 17-нд 152 ор дэлгэсэн. Аравдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар дахин 300 ор дэлгэхээр бэлтгэл хангаад байгаа. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай 150 хүн ор хүлээж байна гэсэн мэдээлэл бий. Аравдугаар сарын 1-нд 300 ор дэлгэснээр орны хүлээлт байхгүй болно гэсэн тооцоололтой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй албан хаагч ковидтой тэмцэх ажил хийж байгаа. Энэ тоо хангалтгүй байгаа юм. 4000 гаруй хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай хэмжээнд байхаар тооцоолол гарсан.
Б.Бямбадорж: Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд
нэгдэхийг уриалж байна
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: -Бид хүний нөөцөө нэмэхийн тулд ЭМЯ болон Улаан загалмай нийгэмлэг, Өрхийн эмнэлгийн холбоо зэрэг байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 239 резидент эмч Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилагдсан. Мөн Глобал сангийн санхүүжилтээр сард 50 ам.долларын урамшуулалтай сайн дурынхныг ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 207 хүн ирэх ёстойгоос 110 хүн ажиллаж байна. Бид эдгээр хүний цагийг өдөр бүр бүртгэж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Улаан загалмай нийгэмлэгээс сайн дурын 187 ажилтан ажиллах ёстойгоос өнөөдрийн байдлаар 57.2 хувь нь ажиллаж байна. Стандартын дагуу эрчимт эмчилгээний таван оронд нэг эмч, нэг сувилагч ажиллах ёстой. Түрүүн хэлсэн тоонууд энэ стандартын дагуух тоонууд. Гэтэл цар тахал гэлтгүй ердийн нөхцөлд ч эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолтой байдаг. Дэлхий нийтэд сувилагчийн хомсдолтой байна. Бид эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, сайн дурын ажилтнуудыг ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд нэгдэхийг уриалж байна. Бидний гаргасан судалгаагаар эрүүл мэндийн бус мэргэжилтэй 910 хүн нийслэлийн хэмжээнд ажиллах бололцоотой. Эдгээр хүнд бид сургалт хийх боломжтой юм. Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ идэвх санаачилгатай ажиллаж байна. Эмнэлгийн бус мэргэжлийн 292 хүнийг ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд ажиллуулах шийдвэр гаргаж, бидний үйл ажиллагаанд дэмжлэг болж байна.
-Өрхийн эрүүл мэндийн зарим төв түргэвчилсэн тестийг 25 мянган төгрөгөөр авч байна гэсэн. Энэ талаар тайлбар өгнө үү. Нийслэлд халдвар аваад гэртээ нас барсан иргэдийн тоо хэд байна вэ?
-Ковидын халдварын шинж тэмдэг илэрсэн, түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр эерэг гарсан бүх тохиолдолд Тандалт, хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд Тандалт, хариу арга хэмжээний шуурхай баг очиж, тухайн хүнд үнэлгээ хийж, гэрийн хяналтад байх уу, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай юу гэдгийг тогтооно. Гэрийн хяналтад байхаар бол өрхийн эмч хяналтдаа авна, эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол түрүүн хэлсэнчлэн УОК-т мэдээлэл нь очсоноор эмнэлэгт хэвтэх юм. Хүний биеийн байдал өглөө, өдөр, оройдоо өөрчлөгдөж байдаг. Тиймээс ковидын халдвар авсан, эмнэлгийн тусламж авах нэн шаардлагатай иргэд заавал УОК-т хандахгүйгээр шууд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг авч байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тест хуваарилсан. Тандалт, хариу арга хэмжээний багийнхан ойрын хавьтал, шинж тэмдэг илэрсэн нөхцөлд очиж шинжилгээ авна. Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар жирэмсэн, архаг хууч өвчтэй, өндөр эрсдэлтэй хүмүүсээс 5-6 дахь хоногт шинжилгээг үнэ төлбөргүйгээр авч үйлчилж байна. Ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын нэг чухал хэсэг бол эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр Яармагт 145 ортой эмнэлэг ажиллаж байгаа. Энд биеийн байдал гэнэт муудсан хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, биеийн байдлыг тогтворжуулан, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Харин сүүлийн гурван долоо хоногт эмнэлгээс гарах болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн харьцаа өөрчлөгдсөнөөс эмнэлгийн ор хоног уртассан, эмнэлэгт байгаа нэн хүнд, хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учир орны эргэлт удааширсан. Үүнтэй холбоотойгоор яаралтай тусламжийн төвөөс эмнэлэгт хүргэгдэх үйл ажиллагаа удааширч байгаа учраас ор дэлгэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх ажиллагааг эмнэлгүүд өөрсдөө зохицуулалт хийж байсныг нэгдсэн удирдлагаар хангах шаардлага гарсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо өдөр өөр өөр байгаа. Дунджаар 400-500 хүн байдаг.
Үүнээс улаан эрэмбийн буюу нэн шаардлагатай 150-180 хүнийг хариу арга хэмжээний багийнхан үнэлж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор иргэд гэртээ нас барах тохиолдол гарч байгаа. Бид гэртээ нас барсан тохиолдол бүрд анализ хийдэг. Зарим тохиолдолд архаг суурь өвчний сүүлийн шатны оноштой хүмүүс халдвар авсан ч өрхийн эмнэлгийн хяналтад байя гэдэг. Бид жирэмсний хяналтыг онцгой анхаарч ажиллаж байна. Сүүлийн гурван хоногт жирэмсний батлагдсан тохиолдлыг 100 хувь эмнэлэгт хэвтүүлсэн. Ковидын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран өгч байгаа. Халдвар авсан иргэнд жигд хүртээмжтэй тусламж үзүүлэх бүх бололцоог ханган ажиллаж байна.
-Цар тахлын нөхцөл байдал хүнд байхад Эрүүл мэндийн төвийн дарга нарыг өөрчилж байна гэсэн шүүмжлэл хэвлэлээр гараад байгаа. Үүнийг тайлбарлана уу?
-Цар тахлын үед мэргэшсэн багийг тогтвортой ажиллуулах, байнгын дэмжлэг, удирдлага, арга зүйгээр хангах тал дээр ЭМЯ, НЭМГ хамтран цаг наргүй ажиллаж байна. Цар тахлын үеийн хариу арга хэмжээний менежментэд ДЭМБ, олон улсын байгууллагуудаас эмчилгээний арга зүйн шинэчлэлүүдийг байнга хийдэг. Энэ дагуу сургалт явуулах, богино хугацаанд шинэчлэл хийх шаардлагууд байдаг. Бид ажлын байран дээрх архидалттай эвлэрэхгүй. Бусад асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Ажлын алдаа, дутагдал гаргасан нөхцөлд бид зайлшгүй арга хэмжээ авч байгаа. Энэ нь цаашид гарах эрсдэлүүдээс сэргийлнэ.
-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргасан. Тэнд байгаа эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэх вэ?
-Зургаадугаар сард эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр тухайн төвийг нээсэн нь маш үр өгөөжтэй ажил болсон. Яармагт байрлах хотын захиргааны байранд байрлаж байгаа Түргэн тусламжийн төвийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Яаралтай түргэн тусламжийн төвд цаашид тогтвортой ажиллах орчин шаардлагатай. Тухайн төвийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлснээр ковидын дараа ч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бололцоотой болж байгаа юм.
-Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч байгааг хэрхэн тайлбарлах вэ?
-Дэлхий нийтэд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг өвчнөөс сэргийлэхээс илүү тухайн халдварын эрсдэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулах, өвдлөө гэхэд эмнэлэгт хэвтэхгүй байх, эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ор хоногийг багасгах зэрэг эрсдэлээс хамгаалж хийж байгаа. ЭМЯ-наас мэдээлж байгаагаар гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.1 хувиас л халдвар илэрч байна. Гуравдугаар тун хийлгэсэн иргэдээс нас барсан мэдээлэл байхгүй.
-Коронавирусийн альфа, дельта хувилбаруудад ижил эмчилгээ хийж байгаа юу. Эмчилгээний арга байхгүй байгаагаас нас баралт нэмэгдэж байна уу?
-Хөнгөн болон эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа үед вирусийн эсрэг эмчилгээ хийх үү, дархлааны эсрэг эмчилгээ хийх үү гэдэг зөвлөмжүүдийг ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудын салбар зөвлөлийн эрдэмтдийн удирдамж зааврууд гарсан. Эмнэлэгт хэвтсэн нөхцөлд вирусийн эмчилгээг зайлшгүй хийдэг. Вирусийн эсрэг болон бусад эмчилгээг дэмжиж байж эмчилгээний үр дүн гарч байгаа. Бусад оронтой харьцуулахад Монгол Улсын эмчилгээний үр дүн өндөр үзүүлэлттэй байгаа.
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар зохицуулалт хийж байгаа вэ. 160 мянган төгрөгийн багц харилцан адилгүй байна. Жирэмсэн эх болон нярай хүүхдээс шинж тэмдэг илрэхэд тухайн Өрхийн эрүүл мэндийн төв нь түр оршин суугч учир үзлэг хийхгүй байна гэсэн?
-Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих, ачааллыг тэнцвэржүүлэх нь хамгийн чухал. Одоогийн байдлаар 31 мянга гаруй хүн Өрхийн эрүүл мэндийн төвд хянагдаж байна. Зарим Өрхийн эрүүл мэндийн төвд 70 гаруй, заримд нь 1000 хүн хянагдаж байгаа. Хүн амын нягтаршлаас хамааран Өрхийн эрүүл мэндийн төвүүд жигд биш ачаалалтай байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төвд хянагдаж байгаа болон тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг бид эрүүл мэндийн даатгалтай эсэх, Улаанбаатар хотын үндсэн болон түр оршин суугч эсэхээс үл хамааран жигд үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 300-гаас дээш иргэн хянагдаж байгаа 60 хороо бий. Эдгээр хороонд нэмэлт баг ажиллуулах хуваарь гарган, сургалт хийсэн. Зарим хороодод нэмэлт хүч хуваарилсан. Өөрөөр хэлбэл, хянагдаж байгаа иргэдийн тоо 300-гаас дээш хүрвэл нэмэлт баг хуваарилах зохион байгуулалтыг хийж байгаа юм.
Д.Оюунбат: Өдөр өнжүүлэх төвүүд тусгай шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулна
-Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан нэг ангиас халдвар илэрлээ гэхэд ямар арга хэмжээ авах вэ?
НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат: -Хэдийгээр халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа ч хичээл сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбар зогсонги байдалтай байсан учир хоцрогдол үүсэж байна гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд 144 багш, 51 ажилтан, 471 сурагч халдвар авсан гэж бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор хоёр сургууль цахим хэлбэрт бүрэн, 28 сургууль хэсэгчилсэн байдлаар цахимд шилжсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн орчинд 111 багш, 138 ажилтан, 72 хүүхэд халдвар авсан байна. Тиймээс таван цэцэрлэг цахимд бүрэн, 67 цэцэрлэг хэсэгчилсэн цахимд шилжээд байгаа юм. Сургалтын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс зөвхөн үндсэн хичээлийг явуулж, танилцах үдэшлэг, хөгжлийн клуб, тэмцээн уралдаан, багш нарын баяр зэрэг тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй байх чиглэл барьж байна. Энэ чиглэлийн дагуу НОК-оос БШУЯ-нд хандсан. Есдүгээр сарын 27-нд хуралдсан УОК-ын хурлын тэмдэглэлээр үндсэн хичээлийн хөтөлбөрөөс бусад арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн байгаа. Хоёр сайдын хамтарсан журам бий. Үүнд нэг ангиас халдвар илэрвэл тухайн бүлгийг, хоёр ангиас халдвар илэрвэл тухайн жигүүрийг, гурав болон түүнээс дээш ангиас халдвар илэрвэл тухайн сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлнэ гэсэн журамтай.
-Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ?
-Өдөр өнжүүлэх төвүүд тусгай шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулж байгаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС