НҮБ дараагийн цар тахалд бэлтгэхийг зөвлөв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 14-27-нд болж өнгөрлөө. Тус чуулганыг “халдварын супер тараагч” болох вий гэсэн анхааруулгыг үл тоон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй дэлхийн 100 гаруй орны төр, Засгийн газрын тэргүүнүүд АНУ-ын Нью Йорк хотноо чуулсан юм. Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд хэмжээний энэ уулзалтаар дэлхийн улс орны удирдагчид цар тахлыг зогсоох болон цар тахлын улмаас доройтсон дэлхийн эдийн засгийг хэрхэн сэргээх гэсэн хоёр үндсэн асуудлын хүрээнд санал солилцлоо. Ийн тус чуулганы үеэр хэлэлцсэн онцлох асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Тогтвортой хөгжлийн зорилт-2030-аас “бултлаа”
НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхийн тулд ядуурлыг бууруулах, боловсролыг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, жендэрийн тэгш эрхийг хангах гэсэн 17 зорилтод анхаарлаа хандуулан ажиллаж байна. НҮБ-ын гишүүн 193 орон 2030 он гэхэд эдгээр зорилтод хүрэхээ амласан. Хэдийгээр зорилтын хугацаа дуусахад есөн жил үлдсэн ч цар тахал дэлхий нийтийг сорьж, зорилтын хугацаагаа өөрчлөхөд хүргээд байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр дэлхийн хүн амын хүнсний аюулгүй байдлын түвшин 2014 онд 23 хувь байснаа өнгөрсөн онд 30 хувь болж өссөн нь нийтийн санааг зовоож байна. Ингэснээр НҮБ ч тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. НҮБ-ын нийт төсвийн дөрөвний нэг нь мөргөлдөөний улмаас хохирсон улс орнуудад зарцуулагддаг. Одоогоор 39 орон байгаа бөгөөд тэдэнд нийт төсвийнхөө 24 хувь буюу 707 сая ам долларыг зарцуулахаар төлөвлөжээ.Энэ тухай “Rice” их сургуулийн доктор Столл “Цар тахлын улмаас олон орны эдийн засаг, боловсрол болон бусад салбар доройтсон. Тиймээс улс орнууд энэ асуудлуудаа шийдэх хүртлээ тогтвортой хөгжлийн зоритод анхаарч чадахгүй байх” гэж “Al Jazeera” сайтад ярьсан байна.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо
НҮБ-аас сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ хоёр дахин нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлж, эрчим хүчний хэрэглээгээ бууруулахыг улс орнуудад зөвлөв. Оролцогч орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 400 тэрбум ам доллар зарцуулахаа амласан юм. Тодруулбал, 2030 он гэхэд бүх нийтийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 0 болгох зорилтын төлөө дэлхий нийтээр хичээхээр боллоо. Гэхдээ энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 2015 онд байгуулсан Парисын гэрээний зорилт юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын эсрэг залуучуудын хөдөлгөөн эрс идэвхжиж, цар тахал гарснаас хойш томоохон жагсаалыг зохион байгуулаад байна.НҮБ-аас наймдугаар сард нийтэлсэн судалгаанд сүүлийн хэдэн арван жилд хүний үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлснийг дурдаад хүлэмжийн хийн хэмжээг бууруулах нь хамгийн зөв арга гэдгийг онцлов.
Хятад:Гадаадад нүүрсний станц барихгүй
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны үеэр дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ амлалт өгсөн нь анхаарал татлаа. Тодруулбал, Ши Жиньпин нүүрсний цахилгаан станцуудыг гадаадын орнуудад барихгүй гэдгээ илтгэлийнхээ үеэр мэдэгдэв. Энэ нь тус улс “Бүс ба Зам” дэд бүтцээ хөгжүүлэх санаачилгадаа өөрчлөлт оруулахын дохио юм. Мөн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх ногоон эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэлээ.
Үүний хариуд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхийн хоёр том эдийн засагтай орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга хэмжээ авахаа зарласанд үнэхээр баяртай байна. АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жилд 11.4 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн. Харин өнөөдөр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нүүрсний станцуудыг гадаадын орнуудад барихаа зогсоож, улмаар хүлэмжийн хий бага ялгаруулдаг, ногоон бүтээн байгуулалтыг дэмжихээ зарлалаа. Нүүрсний хэрэглээг бууруулах нь Парисын хэлэлцээрт заасны дагуу дэлхийн дулаарлын өсөлтийг цельсийн 1.5 хэмд байлгах хамгийн чухал алхам юм” гэжээ. Хятад улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 2014-2020 оны хооронд нүүрсний цахилгаан станцны бүтээн байгуулалтад 160 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байсан юм. Тус улс дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч бөгөөд 2020 оны хэрэглээ нь бусад улсыг нийлүүлснээс давсан байна.
Хойд Солонгос:Цөмийн зэвсэг туршихыг хэн ч хориглож чадахгүй
Чуулганы дөрөв дэх өдөр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ /есдүгээр сарын 30-нд Фүмио Кишида сонгогдсон/ Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн туршилт тус улс болон бусад олон улсын хамтын ажиллагаанд аюул учруулж байгааг анхааруулав. Тэрбээр “Хойд Солонгос дипломат харилцаанд хичээл зүтгэл гарган АНУ болон Хойд Солонгосын хоорондох цөмийн зэвсэггүй болгох харилцаанд ахиц дэвшил гарна гэдэг итгэж байна. Мөн Хойд Солонгосын энэ дайралт олон улсын төдийгүй Японы нэн тэргүүний санааг зовоосон асуудал болоод байна” гэжээ. Харин Хойд Солонгосын элчин сайд Ким Сон “Цөмийн зэвсэгтэй орон зэвсэгээ турших эрхтэй. Үүнээс хэн ч татгалзаж чадахгүй. Бид улсынхаа энх тайван, аюулгүй байдлыг хангаж өөрсдийгөө хамгаалахын тулд үндэсний батлан хамгаалах чадвараа нэмэгдүүлж байна” гэж ярьжээ.
Сири дүрвэгчдээ эргэн ирэхийг уриалав
Сирийн Гадаад хэргийн сайд дүрвэгчдийг эх орондоо буцаж ирэхэд нь аюулгүйгээр хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн тэрбээр Сирийн дүрвэгчдэд санаа зовниж байгаа мэт дүр үзүүлж байна хэмээн барууны орнуудыг буруутгалаа. Энэ тухай Сирийн Гадаад хэргийн сайд Файсал Мекдад “Өөрийн эх орноосоо дүрвэсэн бүх хүнийг сайн дураараа буцаж ирэхэд нь аюулгүй орчинд угтан авахад Сирийн үүд хаалга нээлттэй байх болно. Манай холбогдох бүх байгууллага энэ зорилгынхоо төлөө шаргуу ажиллаж байна. Сирийн Засгийн газар болон холбоотон орнууд бидэнд үүссэн энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байна. Харин зарим орон Сири иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байгаа тул манай улсын зовж байгаа иргэдэд тусална хэмээн дүр эсгэж байна” гэж НҮБ-ын индэр дээрээс ярилаа.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Мьянмар улс дахь цэргийн хүчнийхэн хүний эрхийг асар их зөрчиж байгааг анхааруулан нөхцөл байдал муудаж, мөргөлдөөн үүсэхээс өмнө арга хэмжээ авахыг олон улсад уриалав. Тэрбээр “Ийм мөргөлдөөний үр дагавар нь аймшигтай, хор хөнөөл ихтэй байдаг. Тиймээс Мьянмарын ардчиллыг сэргээж, олныг хамарсан өргөн хэмжээний зөрчлөөс сэргийлэхдээ оройтохоосоо өмнө олон улсын хамтын ажиллагааны идэвхээ нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
“Тэд Беларусь шиг хувьсгал хийж чадахгүй”
Беларусь улс барууны орнууд өнгөрсөн нэг жилийн туршид тус улсын эсрэг өргөн хүрээтэй “дайн” өрнүүлсэн хэмээн мэдэгдэв. Тус улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей “Жил гаруй хугацаанд бид барууны орнуудын дарамтад өртсөн. Тэд “өнгөт хувьсал” хийж чадахгүйд бүх учир байна” гэж илтгэлийнхээ үеэр ярьжээ.Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуульд хууль бусаар ялсныг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Беларусьд олон сар үргэлжилсэн. Үүний улмаас бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сөрөг хүчнээ дарамталсаны эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авсан билээ. Мөн төрийн эргэлт болсон Афганистан улсын НҮБ-ын Элчин сайд өмнөх Засгийн газрын үед байсан учир илтгэгчдийн нэрнээс хассан байв.
Африк тивийн удирдагчид тус тивд COVID-19 эсрэг вакцин дутагдалтай, хүртээмж тэгш бус байгааг шүүмжиллээ.Харин Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель улс орнуудыг COVID-19 эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалав. Тэрбээр хөгжиж буй орнууд болон чинээлэг орнууд вакциныг их хэмжээгээр худалдан авч бусад оронд хүртээлгүй байгааг санууллаа. Энэ тухай Чарльз Мишель “Бид энэ удаагийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, ялах нь чухал биш. Харин дараагийн цар тахалд бэлтгэх шаардлагатай” гэв.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Должинжав