Уиллем Дефо: ‘Би муу мужаан учраас жүжигчин болсон’
Уиллем Дефог энэ цаг үеийн томоохон уран бүтээлч, хувирагч жүжигчин гэж нэрлэдэг. “Хүн-аалз”-ын муу баатар, Ван Гог, Христос, сэтгэцийн эмч, алуурчин гэсэн 150 гаруй дүрийг бүтээсэн. Тэрээр Америкийн баруун хойд хэсэгт протестан гэр бүлд өсөж хүмүүжсэн. Өөрийн карьераа театрын хүрээнд алдартай туршилтын театрт эхэлжээ. Анх 1980 онд Кэтрин Бигелоун найруулсан “”Хайргүй” кинонд тоглосон. Үүний араас “Лос-Анжелест амьдарч, үхэх нь”, “Миссисипи галд”, “Зэрлэг зүрхтэн”, “Англи өвчтөн”, “Америкийн психопат”, “Антихрист”, “Отель Гранд Будапешт” гэсэн 140 кинонд тогложээ.
-Сүүлийн үед ихэнх жүжигчин олон ангит кинонд тоглож байна. Та харин тоглоогүй дээд түвшний цөөн хэдэн жүжигчний нэг. Энэ тал дээр та зальтай хүн үү?
-Үгүй, би огт зальгүй. Одоо хүн бүрийн яриад байгаа “зурагтын алтан зуун” надад таалагдахгүй байна. Жинхэнэ авьяастай хүн тэнд олон бий. Тэнд их тухтай. Ангиас ангийн хооронд дулаахан уур амьсгалд, найз нөхдөөрөө хүрээлүүлэн байдаг. Харин бүрэн хэмжээний кинонд тийм ойлголт байхгүй. Байнгын сорилт, тэмцэл, зөрчилдөөн. Тиймээс киноны санаа, өөрийн үзэл бодлоо өөрчлөх боломж ихтэй. Зурагтын бүтээлүүд ихэнхдээ зохиолын хэсэг дээр тулгуурладаг. Дүрүүд ба өгүүлэмжүүд чухал. Кино бол илүү өргөн цар хүрээтэй. Зурагтыг шоураннерууд толгойлдог, найруулагч нар туслах дүр. Тиймээс тэнд найруулагчдыг их сольдог. Би бол өөрийгөө найруулагчийн гарт бүрмөсөн тушаадаг жүжигчдийн нэг. Үүнд миний эрх чөлөө, миний алба, миний таашаал оршдог.
-Гэр бүлийнхээ талаар яриач?
-Би эхээс долуулаа. Манай аав мэс заслын эмч, ээж сувилагч байлаа. Манай ах эгч нар анагаахын хүмүүс. Би ганцаараа өөр ажил хийх боломж гарсан юм. Ээж аав ажил ихтэй, нэг хийхдээ шууд долоо хоногийн хоол бэлдээд тавьчихдаг. Жишээ нь, нэг том мах жигнээд, хөргөгчиндөө хийчихнэ. Түүнийгээ долоо хоног иддэг байлаа. Нас ахиад манай аав ээж их шүтлэгтэй болсон. Бид хамтдаа сүмд очдог байлаа. Энэ бидний гэр бүлээрээ хийдэг байсан ганц зүйл байсан байх аа. Аавын хувьд протестант ёс заншил их чухал байсан. Тэр “Та нар эрүүл үр удамтай болох ёстой” гэж үргэлж хэлдэг байж билээ. Гэрт ямар ч архи байхгүй. Кофе ч уудаггүй. Ямар ч амттан идэхгүй. Кремтэй бялуу бидний хувьд хар тамхи л гэсэн үг. Хориотой гэхдээ дуртай. Аавын ажлын өрөөнд “Жаргалтай гэр бүл” гэдэг зураг өлгөөтэй байдаг байсан. Хэрвээ хэн нэгэн нь дүрсгүйтвэл аав тэр зураг руу харуулж байгааг тэлээгээр зоддог. “Чамд сонголт байна. Чи жаргалтай гэр бүлийн гишүүн байж болно эсвэл зодуулна” гэдэг. Мэдээж бүгд жаргалтай гэр бүлийн гишүүн болох сонголтыг хийдэг байлаа. Аав ээжээс хойш хоёр жилийн дараа 97 насандаа өөд болсон. Тэр үед би түүнээс “Та амьдарлыг юу гэж ойлгов” гэж асуухад “Амьдрал бол шалгуур” гэж хариулсан. Ах эмч болох сонголт хийсний ачаар би жүжигчин болсон. Гэхдээ ээж аав дургүйцээгүй. Чамайг юу ч хийсэн дэмжинэ гэдэг байсан. Бүх ах эгч нарыг заавал сур гэж шаардах хэрнээ намайг зөнд нь орхисон. Би их сургуулийг хоёрдугаар курсээс нь хаяад чөлөөт уран бүтээлчидтэй нэгдсэн. Би амь зогоохын тулд янз бүрийн ажил хийж байлаа. Надад цалингаас цалингийн хооронд амьдрах нь романтик юм шиг санагдаж байсан. Тэгээд нэгэн жижиг театрт мужаанаар орсон. Гэхдээ би муу мужаан байсан учраас удалгүй жүжигчин болсон.
-Тэгээд тэнд эхнэртэйгээ танилцсан…?
-Тийм ээ. Энэ театрын уран сайхны удирдаач байсан юм. Гол найруулагч нь гэсэн үг. Бид хамтдаа 27 жил амьдарч, Жек гэдэг хүүтэй болсон. Гэхдээ албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй. Элизабет гэр бүл болно гэдгийг хяналтад орно гэж ойлгодог байсан. Тиймэс би түүний хүслийг хүндэтгэдэг байлаа. Гэхдээ жил ирэх тусам “Би энэ хүнтэй хамт амьдардаг. Гэхдээ энэ миний эхнэр биш” гэж тайлбарлах улам төвөгтэй болж байсан. Ялангуяа, над шиг ажлаар удаан хугацаагаар хол явдаг хүнд гэр бүлийн хариуцлага чухал санагддаг болсон.
-Тиймээс та Италийн жүжигчин, найруулагч Жада Калаграндетай гэрлэсэн үү?
-Би түүнтэй Ромын гудамжинд тааралдсан. Тоглосон киног нь үзэж байсан. Кафед цай ууж сууж байгаад маргааш надтай гэрлэх үү гэж шууд асуусан. Хотын захиргаа руу залгасан чинь хоёр цагийн дотор ирж бүртгүүлбэл маргааш батлуулж амжина гэж хэлсэн. Тэрнээс хойш хоёр оронд амьдарч байна даа. Нью-Йорк, Ром. Гэхдээ Нью-Йорк их өөрчлөгдсөн. Тэнд надад зөвхөн дурсамж л үлдэж дээ. Харин Ром бол уламжлалаа алдаагүй хот. Театраа орхиод кино жүжигчин болоод тэдний байшин, завь, орлого цалин, морь, машин гэж ярихыг сонсоод их гайхдаг байж билээ. Театрын бид чинь ном, урлаг, уран зохиол, хөгжим ярьдаг байлаа. Нэгэн удаа Жек Николсон “Надаас өмнө төрсөн хүмүүс их үр бүтээлтэй амьдарч байжээ” гэж хэлсэн байдаг.
-Цар тахлын үеэр амарч чадав уу?
-Энэ бүгд эхлэхэд би Миссисипи мужид “Хүйтэн тооцоо” кинонд тоглож байсан. Ажил зогсмогц би Итали явсан. Тэр үед Итали жинхэнэ голомт болсон байсан. Би эхнэртэйгээ хамт хоол хийж, кино үзэж, итали хэл сурах боломж гарсан. Хэчнээн ч жил итали хэл сурч байна даа. Энэтхэгийн гүн ухааны нэг урсгал Видантег судалж байгаа. Хүн оюун санааны хөгжлөө зогсоож болохгүй.
-Таньд дүр сонгохдоо ямар нэгэн шалгуур байдаг уу?
-Их энгийн хэдэн шалгуур бий. Сайн кофе, жимсний шүүс шахагч. Би хаана ч байсан өглөөг иог, бясалгал хийж эхэлдэг. Өглөө 03:00 цагт босдог. Би бас 40 жил өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа. Миний тэмдэглэл бол гүн ухааны биш, өдөр тутмын. Би тодорхой нэг хугацааны бүтээгдэхүүн шиг байгаа юм. Сонссон сонирхолтой яриа, үзсэн харснаа бичдэг. Инээдтэй зураг, тасалбар, орон болгоны мөнгөн тэмдэгт, сонины хайчилбар цуглуулдаг. Өдрийн тэмдэглэл их болсон учир гараашдаа хадгалж байгаа. Гэхдээ үүнийг намтар болгох гэж хадгалж байгаа юм биш шүү. Тэр тусмаа зарим нэг хуудас нь хоорондоо наалдсан байгаа.
-Намтар болгож гаргавал сонирхолтой болох байх даа. Та өөрөө тэмдэглэлүүдээ дахин уншидаг уу?
-Хэзээ ч үгүй. Эргэж харах дургүй. Алдарт итали жүжигчин Анна Маньяниг би их боддог. Үрчлээг нь харагдуулахгүй гэж гэрэлтүүлэгч нар хичээж байхад тэр дургүйцэн “Би энэ үрчлээнүүдийг чинь шударга хөдөлмөрөөрөө олж авсан юм шүү” гэж уурладаг байж.
-Ер нь бол та хэцүү дүрд тоглохгүй амар амьдарч болох шүү дээ?
-Тийм шүү. Жишээ нь, би “Гэрэлт цамхаг” кинонд тоглож, яах гэж Канадын тэр хүйтэнд хоёр долоо хоносон юм бол. Эсвэл Ларс Фон Триерийн кинонд тоглох гэж зовж л байдаг. Гэхдээ надад энэ бүгд таалагддаг. Хэцүү ажил миний хувьд хамгийн түрүүнд хөшиж үхэхээс сэргийлдэг. “Гэрэлт цамхаг”-т тоглож байхдаа би загасчны модон байшинд амьдарч байлаа. Салхи, бороо. Үүр цайж байхад босно. Гал дээр хоол хийж сурсан. Өөрийн баатрын адил бороонд гаансаа унтраахгүй тамхи татаж сурсан. Их хэцүү байсан. Жишээ нь, амьдаараа шороонд булуулдаг хэсэг байна. Зүгээр хэвтэж байгаа хэрнээ, амьсгаа боогдчих гээд. Ирээдүйн үхэлтэйгээ нүүр тулж байгаа ч юм шиг.
-Робберт Паттинсонтой ажиллах ямар байв. Сонирхолтой хослол шүү?
-Би үүнээс өмнө түүнийг таньдаггүй, тоглосон киног нь үзээгүй байсан. Бид хоёр ажилдаа бэлдэж байгаа нь тэс өөр юм билээ. Би урьдчилж бэлдэх дуртай. Роберт бол шууд дүрдээ хувирдаг. Түүний энэ арга бид хоёрт дүрээ бүтээхэд их нэмэр болсон байх.
-Та блокбастерт бас тоглодог. “Хүн аалз”, “Зак Снайдерын шударга баг”, саяхан Диснейн “Того” кинонд тоглосон?
-Дисней миний жүжигчин болсон нэг шалтгаан. Би жаахан хүүхэд байхдаа хөгжим дээр хүүхэлдэйн киноны дуу, яриаг сонсдог байлаа. “Того” киноны хувьд Канадын бүр цаад хэсэг рүү явсан. Бүр илүү хүйтэн Канадын ууланд. Их гоё, их хүйтэн. Блокбастерт анх 2002 онд “Хүн аалзад” тоглосон. Тэр үед бүх юм хуучин аргаар, гараар их хийдэг байж. Хэдэн жилийн өмнө Австралид “аквамэнд” тоглож хэдэн сар болсон. Ногоон дэлгэцийн өмнө, дүүжлэгдээстэй. Бараг газар гишгээгүй. Их төсөөлөл шаарддаг юм билээ. Би ч биеийн хүчний ажилд дуртай л даа.
-Таньд атаархагч бий юу?
-Би хэзээ ч дотны найзтай байгаагүй. Миний амьдралын хамгийн чухал харьцаа үргэлж эмэгтэйчүүдтэй байсаар ирсэн. Дандаа эгч нар дунд өссөн болохоор тийм байж магадгүй. Манай эгч нар гэрт чөлөөтэй найз залуучуудаа авчирдаг байсан. Хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй гадуур тэнэж байхаар гэртээ болзож байг гэж аав ээж хоёр үздэг байсан юм. Би үүнийг зөв гэж боддог. Гэхдээ би хүүдээ тийм зөвлөгөө өгч байгаагүй. Аль болохоор өөрөөрөө үлгэрлэхийг хичээж байсан. Нээх сайн жишээ ч бас болж чадаагүй байх даа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
З.Батцэцэг