Б.Бямбадорж: Сайн дурын ажилтан өдөрт 50 мянган төгрөгийн цалин авна

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд ор олдохгүй байна гэх мэдээлэл гарсан. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсэж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа. Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд III тунгийн дархлаажуулалтын явц ямар байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” вирусийн эсрэг дархлаажуулалт амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан. Бид бүрэн тунгийн суурин дээр дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг эхлүүлсэн. Гуравдугаар тунд нийслэлийн хүн амын 11 хувь хамрагдаад байна. Вакцинжуулалтын цэг суурин болон явуулын байдлаар ажиллаж байгаа бөгөөд олон ажилтантай албан байгууллагууд, хэвтрийн хүмүүст гэрээр нь очиж үйлчлэх ажлыг зохион байгуулж байгаа. Гэсэн хэдий ч гуравдугаар тунгийн вакцинд хамрагдалт хангалттай биш байна.

Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 22 цэгт 167 эмч, эмнэлгийн ажилтан ажилласан. Харин 772 хүн л вакцинжуулалтад хамрагдлаа. Тиймээс бид бүтэн сайн өдөр эрүүл мэндийн ажилчдаа амраахаар болсон. Иргэдийг даваагаас бямба гарагийн хооронд гэртээ аль ойрхон цэгт очиж дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэд халдварын эрсдэлд өртөх, халдвар авсан тохиолдолд хүндрэх, эмнэлэгт хэвтэх тохиолдол бага байна гэсэн олон улсын судалгаа гарсан. Энэ нь бидний хийсэн ажиглалт судалгаагаар ч харагдаж байгаа юм.

-Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн орны хүрэлцээ муу байсан. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Архаг хууч, суурь өвчтэй, таргалалттай, жирэмсэн эхчүүд хүндрэх тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс ор хоног нэмэгдэх, эрчимт эмчилгээний болон хүчилтөрөгчийн хэрэгцээт ороор эмчлүүлэх шаардлага гарч байна. Халдвар авсан иргэд хэвтэн эмчлүүлэх асуудал нийслэлийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногоос УОК-т дүүрэг бүрээс төлөөлөл оролцсон, ор зохицуулах шуурхай Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 48 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага ор дэлгэн ажиллаж байгаа. Эдгээр байгууллага өмнө нь өөрсдөө өвчтөнөө хэвтүүлэх, гаргах ажлыг зохион байгуулж байсан бол нэгдсэн зохион байгуулалт хийснээр өндөр эрсдэлтэй, хүнд, хүндэвтэр оноштой иргэд эмнэлэгт хэвтэж чадахгүй байх, ор хүлээж цаг алдах асуудлыг шийдвэрлэж чадсан. Тандалт, хариу арга хэмжээний багийнхан иргэдийг улаан болон улбар шар, шар, ногоон гэсэн дөрвөн хэсэгт эрэмбэлэн, улаан, улбар шар эрэмбэд орсон иргэдээ ор зохицуулалтын нэгдсэн удирдлагын төвөөр дамжуулж эмнэлэгт хэвтүүлж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд улаан буюу нэн хүнд эрэмбээс 710 хүн, улбар шар буюу эмнэлэгт хэвтэх шаардлагатай эрэмбээс 954 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Өдөрт дунджаар улаан эрэмбийн 120 хүн, улбар шар эрэмбийн 160 хүн эмнэлэгт хэвтсэн байна.

-Коронавирусийн хариу арга хэмжээний багт сайн дурын ажилчдыг ажиллуулж байгаа. Хэдэн хүн ажиллаж байна вэ. Сайн дурын ажилд хамрагдах хүсэлтэй иргэд хаана хандах, цалин, урамшуулал ямар байх вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, халдварын эсрэг хариу арга хэмжээний үед дэмжлэгт удирдлагаар хангах ажлын хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. ӨЭМТ-үүд тухайн хороонд 300 хүртэлх тохиолдол бүртгэгдсэн нөхцөлд өөрсдийн нөөц бололцоогоор хяналт, гэрийн ажиглалт хийн ажиллаж байгаа. Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл бид нэмэлт баг гарган ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Баянгол дүүргүүд ачаалалтай байлаа. Бид сайн дурын ажилчид болон өөрийн машинтай иргэдийг тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахыг уриалснаар 550 гаруй хүн бүртгүүлээд байна. Эдгээр хүнээс одоогийн байдлаар 45 хүнтэй гэрээ хийн, ажилд нь оруулсан. Сайн дурын ажилчид өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг авна. Эдгээр иргэний машины элэгдэл, халдваргүйтгэл хийх зэрэг асуудал бий. Энэ ажлын байр халдвар авах эрсдэлтэй. Гэсэн хэдий ч иргэд маань нийгмийн сайн сайхны төлөө хувийн унаагаараа ажиллаж байгаад талархаж байна.

-Хариу арга хэмжээний багт нийслэлийн 29 байгууллагын ажилчид ажиллаж байгаа. Энэ талаарх мэдээллийг өгнө үү?

-Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид халдварын эсрэг хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаанд оролцож байна. Эмнэлгийн бус мэргэжлийн 910 ажлын байр байгааг бид өмнө нь мэдээлсэн. Төрийн албан хаагчид хариу арга хэмжээний багт ажиллаж, ажлын ачааллаас хуваалцаж байгаад дүүргийн болон ӨЭМТ-ийн ажилчид талархалтай байгаа. ӨЭМТ-үүдэд эмч нарын төрийн бус байгууллага, Глобал сан, Улаан загалмай нийгэмлэгээс сайн дурын ажилчид ажиллаж байгаа юм. Цар тахлын үед хариу арга хэмжээ, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ажиллагаа эрүүл мэндийн салбарын ажил боловч хүн хүч хүрэлцэхгүй нөхцөлд сайн дурын ажилчдыг татан оролцуулдаг. Хэрэв иргэн та сайн дурын ажилд хамрагдахыг хүсвэл НОК-ын Шуурхай штабын байранд ирж бүртгүүлээрэй.

-Иргэддээ хандаж анхааруулах зүйл юу байна вэ?

-Нийгмийн эрүүл мэндийн онц чухал үед урьдчилан сэргийлэх нь чухал. Халдвар хамгааллын дэглэмээ сайн баривал эрсдэлд орох, олноор өвдөх тохиолдол багасдаг. Иргэддээ н амны хаалтаа сайн зүүхийг уриалж байна. Амны хаалт бол дөрөвдүгээр тун. Сүүлийн үед иргэд ажил дээрээ, хэлэлцүүлэг, ярилцлага хийх үедээ амны хаалтгүй байх тохиолдол гарч байна. Мөн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зайгаа барих, олон хүнтэй газраар явахгүй байхыг анхааруулъя.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button