Эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргах Монголын сорилт ба Дэлхий
2021.07.08-ны 15:35 цаг. Улаанбаатар хот бүхэлдээ цахилгаангүй болов. Гэвч энэ тасалдал нийслэлээс хальж, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв, Өмнөговь, Сүхбаатар гэгчлэн аймгууд мөн тоггүй болсон.
Үүнээс цагийн дараа, урьдчилсан байдлаар 203, 204 дүгээр шугамд аваар гарсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бол хоёр цагийн дараа шалтгааныг нь тодруулснаа мэдээлэв.
“Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсэж, Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна" гэдгийг ЭХЯ мэдэгдсэн.
Ийнхүү таван цагийн дараа цахилгаан хэвийн болж, тог ирсэн баярласан хүмүүс хаа сайгүй сэтгэгдлээ үлдээсэн. Монгол Улсын эрчим хүчний салбар маш эмзэг байгаагийн тод жишээ энэ.
Бүтэн таван цагийн хугацаанд хэдэн аж ахуйн нэгж болон улс хэдий хэмжээний хохирол амссаныг хараахан тооцоолж гаргаагүй байна. Зарим улс оронд бол цахилгаан станцын үйл ажиллагаа хэдэн цагаар саатах байтугай цахилгаан галт тэрэг цагаасаа хэдхэн минут хоцроход түүнээс үүдэж гарах эдийн засгийн хор хохиролыг тооцоод олон нийтэд мэдээлдэг.
Яг ийм гэмтэл 2015 онд болж, нийслэл болон зарим аймаг нэг өдрийн турш цахилгаангүй болсон удаатай. Шалтгаан нь Улаанбаатар дэд станцад гадны биет салхины үйлчлэлээр орсны улмаас богино холболт үүссэн гэж ЭХЯ тухайн үед дүгнэсэн бөгөөд хувийн ААН-ийг оруулж тооцохгүйгээр 2.2 тэрбум төгрөгийн хохирол улсад учирсан байдаг. Үүнээс зөвхөн "Эрдэнэ үйлдвэр" л гэхэд 1.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн юм.
Зөвхөн Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах цахилгаан, дулааны өргөтгөл, шинэчлэлд 3.5 их наяд төгрөг шаардлагатай
2021.05.21. Монгол Улсын нийслэлийн тулгамдсан асуудлууд хоолойд тулсныг хотын дарга Д.Сумъяабазар нээлттэй танилцуулж, Улаанбаатар хот анх удаа төсөвт татвар төвлөрүүлэхгүй бие даан захиран зарцуулах түүхэн шийдвэр гарсан өдөр. Энэ үеэр Эрчим хүчний салбар ямар эрсдэлд байгааг нь сайд Н.Тавинбэх мөн танилцуулсан юм.
Уг танилцуулгаас анхаарал татсан хэдэн тоог эргэн сануулахад
•Төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1309 МВт хүрсэн бөгөөд үүний 831 МВт-ыг Улаанбаатар хотын ачаалал эзэлж байна.
•Эрчим хүчний салбарын ачаалал жилд дунджаар 6-8% өсдөг ба 2025 он гэхэд 1100 МВт-д хүрэх төлөвтэй.
•Дамжуулах, түгээх сүлжээний 31% буюу нийт 815 дэд станц, 26% буюу 3488 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтын хугацаа дууссан, хуучирч, шинэчлэх шаардлагатай болсон.
•Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашиглагддаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд нь тус тус суурилагдсан хүчин чадлаас хэтэрсэн тул цаашид ачаалал нэмэх боломжгүй байна. Үүний улмаас 288 МВт чадал хүссэн 1792 ахуйн болон аж ахуй нэгжийн техникийн нөхцөлийг олгоогүй байна.
•Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13,681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадаагүй байна. Үүнээс 2021 онд 1928 айл өрхийг Улсын төсөв болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар цахилгаан эрчим хүчинд холбох ажил хийгдэж байна.
•Тус яамны зүгээс ирэх онд төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр банкнаас 10.1 тэрбум төгрөгийн зээл авч 3415 айл өрхийг энэ онд багтаан эрчим хүчинд холбох асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр яамдаас санал авч байна.
•Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, цахилгаан, дулаан хангамжийнг системүүдэд хийгдэх өргөтгөл, шинэчлэлтийн төсөл арга хэмжээнд урьдчилсан байдлаар 3,484.1 тэрбум буюу 3.5 их наяд төгрөг шаардлагатай.
Дулаан, цахилгааны тав дахь эх үүсвэрийг барих гэж сүүлийн 10 гаруй жил, үе үеийн хотын дарга болон Ерөнхий сайд ярьсны эцэст одоо л бодит ажил хэрэг болох горьдлого бий болж буй. Гэхдээ шаардлагатай хэрэгцээгээ хангах шинэ төсөл, хөтөлбөрт инноваци шингэсэн гэхээсээ илүү уламжлалт буюу нүүрсэн галлагаат станцууд голчлон босож, өргөтгөл хийгдэнэ гэж ойлгож болно.
Цаасан дээр бууж, салбарын бодлогод зорьсноороо манай улс эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангаад илүү гарснаас зараад сууж байгаа. Гэвч бодит байдал дээр нүүрсээ шатаагаад шатаагаад дотоодын эрчим хүчний хэрэглээгээ өнөөдөр бүрэн хангаж чадахгүй байгаа тул 20%-ийг нь ОХУ-аас импортолсоор. Энэ салбарт гарсан ганц дэвшил нь хэрэглээнийхээ 12%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болсон явдал. Харин дэлхий үүнээс цааш хавь илүү том алхжээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ИННОВАЦИ
Шинжлэх ухаан гэхээсээ илүү хуучинсаг үзэлдээ ээрэгдсээр манай улс хөгжлөөс ийнхүү хэтэрхий хол хаягджээ.
Цөмийн эрчим хүчийг Дорноговийн гажиг төлөөр л төсөөлж, нотлогдоогүй, ам дамжсан яриагаар тархиа тэжээх хооронд цөмийн эрчим хүчний салбар өөрөө шинэ шатанд гарч, олон улсад эргээд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ирсэн байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд хамтран тэмцэхээр зориг шулуудсан энэ цаг үед цөмийн эрчим хүч нь цагаас цагт өсөн нэмэгдэх цахилгааны хэрэгцээг бүрэн хангах, газрын тос, нүүрс, байгалийн хийнээс хавьгүй аюул багатай технологи хэмээн үнэлэгдэх болов.
Хэрэв санаж байгаа бол өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нүүрсийг чиглэсэн аливаа санхүүжилтээ зогсоохыг уриалсны дараа ИХ-7 үүнийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн. Том гүрнүүд цэвэр эрчим хүчинд аль болох яаралтай шилжиж, хүлэмжийн хийгээ бууруулахын төлөө чармайх болов.
Тэгвэл уур амьсгалын төлөө тэмцье, цэвэр эрчим хүч ашиглая л гэж байгаа бол хамгийн шилдэг гаргалгаа нь цөмийн эрчим хүч гэдгийг Билл Гэйтс өнгөрсөн зургадугаар сард мэдэгджээ. Цөмийн эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулагчдын нэг болох тэрбээр эдийн засгийн бэрхшээл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл гэсэн хоёр том сорилтын эсрэг зогсох боломж цөмийн эрчим хүчинд л байгааг удаа дараа илэрхийлсэн байна. Ингэхдээ “Нүүрстөрөгч огт үйлдвэрлэхгүйгээр эрчим хүч гаргаж авна гэдэг нь хүлэмжийн хийг нэмж ялгаруулахгүйгээс гадна одоо байгаа түвшнийг ч буулгаж боломжтойгоороо маш том ач холбогдол, үр ашигтай” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Цөмийн цахилгаан станцын хүн төрөлхтөнд бий болгосон хэд хэдэн сөрөг ойлголт байдаг. Үүнд:
•Цөмийн хаягдал – удаан хугацаанд цацраг ялгаруулдаг гэх
•Үндэсний аюулгүй байдал
•Осол
зайлшгүй орно. Гэхдээ энэ бол хуучинсаг үзэл болжээ гэдгийг дараах мэдээллээс ойлгох болно.
Цөмийн инноваци бүхий TerraPower компани алдарт GE Hitachi Nuclear Energy компанитай хамтран шинэ технологи бүхий цөмийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр компанийн хамтран хэрэгжүүлж байгаа Natrium ™ реактор болон нэгдсэн цахилгаан системээр хангахад зориулж TerraPower-т АНУ-ын Эрчим хүчний яам 80 сая доллар олгосон байна.
Natrium бол дээр дурдсанчлан цөмийн эрчим хүчний дэвшилтэт технологи. Үнийн хувьд өрсөлдөхүйц, эрчим хүчний хуримтлал, хэт огцом хэрэглээний өсөлт зэргийг хангахад тохирсон маш уян хатан эх үүсвэр гэдэг нь Natrium-ийн гол давуу тал. Мэдээж хүлэмжийн хийн 0 ялгарал.
Цөмийн эрчим хүчний станц яг хэрхэн ажилладаг вэ? Энэ станцын зүрх нь цөмийн реактор. Цөмийн гинжин урвалын хуваагдал буюу физикийн үйл явцад үүсэх их хэмжээний дулааныг ашиглан уур үйлдвэрлэдэг. Тэрхүү уур нь турбиныг эргүүлж, эрчим хүч үүсгэдэг. Зарчим нь энэ. https://www.energy.gov/ne/articles/nuclear-101-how-does-nuclear-reactor-work
Реакторыг хөргөөхөд их хэмжээний ус шаарддаг. Тэгвэл өнөөдөр цөмийн цахилгаан станцад усны оронд шингэн давс ашиглах инновацийг нээснээрээ маш бага даралтаар реакторыг хөргөх боломжтой болсон байна. Үүний үр дүнд цөмийн эрчим хүчний станц жижиг, авсаархан бөгөөд барихад хялбар, бага зардлаар босох боломж бүрджээ. https://www.cnbc.com/2021/02/25/bill-gates-nuclear-power-will-absolutely-be-politically-acceptable.html
Цөмийн хаягдлын хувьд мөн л шинэ дэвшлүүд гарсан байна. Тухайлбал, цөмийн хаягдлын менежмент явуулдаг Шведийн SKB компанийн нээсэн KBS-3 хэмээх аюулгүй технологиор Финландын баруун эрэгт хаягдал булах маш том байгууламжийн газрын гадаргаас 450 метрийн гүнд байгуулжээ.
https://twitter.com/iaeaorg/status/1358732454627069952?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1358732454627069952%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.cnbc.com%2F2021%2F02%2F25%2Fbill-gates-nuclear-power-will-absolutely-be-politically-acceptable.html
Цөмийн эрчим хүчнийг мангас хэмээн төсөөлүүлэхэд хүргэсэн үйл явдал бол 1986 оны Чернобыл, 2011 оны Фүкүшимагийн цөмийн станцын осол. Гэхдээ үүнээс хойш технологиуд хэрхэн өөрчлөгдөж, ямар инноваци бий болсныг дээр өгүүллээ.
Нэгэн сонирхолтой статистик байна. Нэг ТерраВатт эрчим хүч гарган авахад гарч буй үхлийн тоо. Энэ үзүүлэлтээр нүүрсний технологи хамгийн өндөр байгаа бол цөмийн эрчим хүчний салбарт маш бага байгааг доор графикаас харж болно.
Өнөөдөр улс орнуудын хандлага өөрчлөгдөж байна.
Дээр дурдсан хоёр ослын шалтгаанаар улс орнууд цөмийн эрчим хүчний талаар зоригтой дуугарахгүй байгаа ч үнэн хэрэгтээ энэ төрлийн эх үүсвэрээр ирээдүйн их хэрэгцээгээ хангахаар дор бүрдээ тооцоо судалгаа хийж, зарим нь ашиглахаар зориг шулууджээ.
Арабын нэгдсэн Эмират улс л гэхэд түүхэндээ анх удаа цөмийн реактортой болох алхмыг хийсэн бөгөөд 2050 оноос уг эх үүсвэрийн тусламжтайгаар нийт хэрглээнийхээ 25%-ийг хангана гэсэн зорилт тавьсан бол Турк, Бангладеш анхныхаа цөмийн реакторыг эд барьж босгож байна. Польш, Египет зэрэг улс мөн л реактортой болохоор зорьж байна.
АНУ шинээр хоёр реактор барьж байна. Тус улсын хувьд улс төрийн талаас цөмийн эрчим хүчний бодлогод өөрчлөлт гарч байгаа аж. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены уур амьсгалын эсрэг тэмцэх нэг гол шинэчлэл нь цөмийн эрчим хүч.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг дэмжих хоёр намын улс төрийн дэмжлэг өссөн гэдгийг Вашингтонд байрлах Цөмийн эрчим хүчний институтийн Бодлогын хөгжил, олон нитийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жон Котек тодотгожээ. Тэрбээр Обамагийн улсаа тэргүүлж байх хугацаанд АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Тухайлбал, цөмийн эрчим хүчний судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалтын сангийн дүн 50% нэмэгджээ. Энэ нь нүүрстөрөгчгүй цэвэр эрчим хүчний үнэ цэн өссөнтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд л гэхэд АНУ-ын Конгресс 2021 онд цөмийн эрчим хүчний төслүүдэд зориулж 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталжээ. https://www.nei.org/news/2020/congress-historic-funding-carbon-free-nuclear?utm_campaign=ncw-010621&utm_source=twitter&utm_medium=social&utm_content=1609888151
2021.10.05-ны 15:35 цаг. Гуравхан сарын өмнө Нийслэл болоод хэд хэдэн аймаг даяар цахилгаан тасарсныг ор тас мартан хэвийн амьдрал үргэлжилж байна. Гэсэн ч эрсдэл хэвээр байгаа тул хэзээ ч дахин тог тасарч мэднэ. Харин дараагийн нийтийг хамарсан тог тасралтыг хүлээх үү, эсвэл дэлхийтэй хөл нийлүүж, инноваци нэвтрүүлсэн зоримог шийдлийг хэрэгжүүлэх үү гагцхүү биднэээс хамаарна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ц.Тамир