Тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна
Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм. Тиймээс иргэдийг коронавирусийн халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна. Нийт 910 ажлын байр байгаа бөгөөд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 38 мянга гаруй иргэн гэрийн тусгаарлалтад, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Тиймээс эдгээр иргэнд утсаар мэдээлэл өгөх, эм савлах, эм хүргэх болон гэрээсээ хийх боломжтой ажлууд бий. Мөн тухайн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажил байгаа юм. “Сайн дурын ажилчдыг улаан бүсэд ажиллуулахгүй” гэдгийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч, НОК-ын Шуурхай штабын Ажиллагааны багийн дарга Ж.Отгонболд хэллээ.
Баянзүрх дүүргийн тавдугаар хороо 25 мянга гаруй иргэнтэй. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг ачаалал ихтэй байгаа бөгөөд нэг эмч өдөрт дунджаар 40-60 хүнд үзлэг хийж байна. Тус хороонд 2021 оны нэгдүгээр сараас хойш ковидын батлагдсан тохиолдол 5000 бүртгэгджээ. Сүүлийн нэг сарын дотор 2410 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 106 иргэн эмнэлэгт хэвтэн, 1994 иргэн гэрээр эмчлэгдсэн бол сүүлийн арав хоногийн хугацаанд 1298 тохиолдол бүртгэгдсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төв гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэддээ эмийн багцыг цаг алдалгүй хүргэн өгч байгаа. Томуугийн улирал эхэлж байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барин, дархлаагаа дэмжиж, утсаар зөвлөгөө авах, яаран эмнэлэгт хандахгүй байхыг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Хасагт-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Т.Лхамсүрэн хэлсэн.
Тус өрхийн эрүүл мэндийн төв 4-5 төрлийн эмийн багц бэлтгэж, коронавирусийн халдвар батлагдсан иргэдэд түгээж байгаа юм. Тухайлбал, 0-6 нас, 6-12 насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд зориулсан багц бэлтгэжээ. Тус хороонд сайн дурын гурван ажилтан ажиллаж байгаа бөгөөд ажил өглөө 8:30 цагт эхэлж, зарим өдөр 23:00 цаг хүртэл ажиллах тохиолдол гардаг байна. Тэд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан иргэдэд эм хүргэж өгөх гээд очихоор гэртээ байхгүй байх тохиолдол олон байгааг хэлж байв. Тиймээс цар тахлын хүнд үед иргэдийг ухамсартай байхыг уриалж, сайн дураар ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС