‘Instagram’ ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж байгааг зогсоохыг шаардав
Олон нийтийн сүлжээний тэргүүлэгч “Facebook” компанийн эзэмшдэг “Instagram” аппликейшн нь өсвөр үеийн охидод сөргөөр нөлөөлж байгаа тухай олон мянган хуудас баримтыг илчилж, АНУ-ын Конгрессыг тус платформын эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа. Тодруулбал, “Facebook” компанийн хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байсан Фрэнсис Хауген гэх 37 настай эмэгтэй тус компанийн эзэмшдэг платформ “Instagram” нь өсвөр үеийнхэнд сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг Сенатын дэд хорооны хурлын үеэр дэлгэлээ.
Тэрбээр “Facebook” компанийн бүтээгдэхүүнүүд нь ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж, ардчиллыг сулруулж, хүүхдүүдийн сэтгэл зүйд хортой нөлөөлж байгаа гэдгийг илчлэхээр би энд ирлээ.Үүнийг компанийн удирдлагууд мэдсэн ч энэ нь тэдэнд ашигтай учир өөрчлөлт хийхгүй. Тиймээс Конгресс үүнд арга хэмжээ авах хэрэгтэй. Та бүхний туслалцаагүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Хүмүүс эрсдэлд орж байгаа учир бид яг одоо үүнийг таслан зогсоох шаардлагатай. “Instagram” их ашигладаг охид өөрсдийн бие галбирт сэтгэл хангалуун байхаа больж байна” гэж ярьжээ. Үүнээс өмнө тэрбээр “Instagram”-ийн худал мэдээлэл нь залуу үе тэр дундаа охидод хор уршигтай талаарх асуудлыг хөндсөн нийтлэлийг “Wall Street Journal” сонинд цувралаар нийтлүүлж байсан аж. Конгрессын нээлттэй сонсголын дараа “Facebook” компаниас гаргасан мэдэгдэлд Хаугеныг өөрийн ажиллаж байгаагүй, сайн мэдэхгүй салбар чиглэлийн талаар буруу мэдээллийг нийтэд өглөө хэмээн шүүмжилжээ. Харин Сонсголд оролцсон АНУ-ын хоёр гол намын сенаторууд дуу нэгтэйгээр Фэйсбүүк компанийн эрхлэн явуулдаг бизнест зохицуулалт хийх шаардлагатайг онцолсон байна.Тухайлбал Ардчилсан Намын сенатор, дэд хорооны дарга Ричард Блюменталь “Тэд хүүхдүүд, тэдний гэр бүлд үүсгэсэн зовлон шаналалаас илүү ашгийг дээгүүр тавьж байна” гэж хэлээд олон жилийн турш бүтээгдэхүүнийхээ сул талыг нууцалсан Америкийн тамхи үйлдвэрлэгчидтэй зүйрлэж, тэдгээр компаниудтай адил гэм буруугаа хүлээж, бодлогоо шинэчлэх цаг болсныг Марк Цукербэргт анхааруулсан байна.Энэ дуулианаас өмнө Facebook, WhatsApp,Instagram аппликейшнүүд даваа гарагт зургаан цагийн турш ажиллаагүй билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав