Тээврийн хэрэгслийн таван төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжтой боллоо

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1200 тусгай дугаарт есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд нийт 1163 дуудлага ирсэн байна. Эдгээрийн 38 хувийг тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхтэй холбоотой санал гомдол эзэлсэн бол 20 хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ковидын эсрэг хариу арга хэмжээний тандалтын багийн үйл ажиллагаатай холбоотой дуудлага эзэлжээ.  Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээ, төрийн байгууллагуудын хаяг байршил, утасны дугаар, цагийн хуваарийн талаар лавлагаа, мэдээлэл авсан байна. Түүнчлэн зарим иргэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны тухай гомдол гаргажээ. Дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 46 иргэн хандаж, 16 иргэн автомат хариулагчаас, 31 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбатаас тодрууллаа.

Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

-Дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж буй иргэдийн тоо өсөж байгаа гэсэн. Иргэдэд хэчнээн нэр төрлийн үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 онд байгуулагдсан бөгөөд төрийн 27 байгууллагын 287 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийт зургаан салбараар төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдийн тоо жил тутам өсөж байгаа бөгөөд 2020 онд 1.484.208 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Юун түрүүнд, төрийн үйлчилгээг авах иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудыг үе шаттайгаар шинээр байгуулж байгаа. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгаагийн сацуу иргэд манай төвүүдээр үйлчлүүлж хэвшиж байна.

-Төрийн үйлчилгээг авах иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн ямар шинэчлэл хийсэн бэ?

-НЗДТГ-аас Авто тээврийн Үндэсний төвтэй хамтран тээврийн хэрэгсэлтэй холбоотой таван нэр төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Үүнд:

– Импортын /шинээр/ бүртгэл

– Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн

– Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох

– Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих

– Улсын дугаар солих

-Иргэд дээрх үйлчилгээг хаанаас авах боломжтой вэ?

-Иргэн, хуулийн этгээд нь дээрх үйлчилгээг өөрт хамгийн ойр байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Баянгол салбараас авах боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button