Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ
Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт 07-22.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн билээ.
Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулна.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдаад байна. Сонгуулийн үеэр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, алба хаагч, нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт төрийн 1930 гаруй албан хаагч ажиллаж байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтийг хангах санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулна. Хоёр тойрогт нийт 2774 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ гаргаад байна.
Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэг зохион байгуулсан. Уг ажилд нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид нээлттэй оролцлоо. Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулсан системийн ажиллагаа, сүлжээний найдвартай байдлыг шалган турших зорилгоор өгөгдөл дамжуулах туршилтыг хэд хэдэн удаа явуулж, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.
Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлийг хангаад байна. Саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийх бөгөөд сонгуулийн санал авах үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийж, хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчдийн нийт 1271 ажиглагч ажиглахаар бүртгүүлсэн байна.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн сонгогч Таныг халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО