Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ногоон зурвас байгуулах ажлыг төрийн өмчит компаниуд эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ногоон зурвас байгуулах ажлыг төрийн өмчит компаниуд эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Салбарын Шуурхай Удирдлага, Дотоод хяналтын газрын дарга Б.Батсайхан, Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Байгаль орчны газрын дарга Ц.Баярмагнай, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч болон Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөл 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж, ногоон зурвас байгуулах нээлтийн арга хэмжээнд оролцов.
”Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөг боловсруулан компанийн ТУЗ-өөр батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2021-2030 оны хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 57 сая модыг Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компаниуд болох Нүүрс Баяжуулах үйлдвэр, Зүүнбаян төмөр зам, Гашуун сухайт төмөр зам, Тавантолгой түлш ХХК, Гашуун сухайт автозам ХХК болон Цанхийн уурхайнуудын гэрээгээр туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран тарьж ургуулна. Энэ ажлын эхлэл болгон өмнийн говьд баригдаж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж, ногоон зурвас байгуулах бөгөөд үе шаттайгаар 10 сая модыг энэ чиглэлд тарьж, ургуулах юм.
“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой" компани эзэмшдэг бөгөөд Говийн бүсийг цөлжилтөөс хамгаалах, моджуулах ажлыг эрчимжүүлж, төмөр зам дагуу ногоон зурвас байгуулах ажлыг төрийн өмчит компаниуд ийн эхлүүллээ.