ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.12) хуралдаан 10 цаг 05 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон гэв.
2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулахад цоо шинээр оруулж ирсэн өөрчлөлт бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шинэчилсэн хуулийн чухамхүү нэг гол үзэл баримтлал нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан. Ингэсний мөн чанар, зорилго, агуулга нь дээр дурьдсан хууль зөрчигдөж, алдаа эндэгдэл гарвал хэргийг бүрэн шийдвэрлэж дууссан хойно бус шүүхээс хэргийг урьдчилан цаг алдалгүй прокурорт буцаах замаар алдааг залруулах тусгайлсан үе шатыг бий болгосонд оршино. Гэтэл 2019 онд анхан шатны шүүх 26,897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13,470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримтыг төсөл санаачлагч танилцууллаа. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ. Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ тийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон гэж үзсэн байна.
Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрзг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө буюу шүүхийн шатанд тухайн шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж орсон прокурорын “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” тайлбаргүй саналыг үндэслэж хэргийг прокурорт буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийн агуулга, эрүүгийн эрх зүйн суурь болсон гэм буруугийн зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгч, прокурорт авилга өгөх, шүүхээс хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Шүүхийн практикт шүүх, прокурорын байгууллага эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалтай хүмүүс, улс төрд нөлөө бүхий этгээдийн дарамт шахалтад орох, авилгын сүлжээ бий болгох, хэргийг сунжруулсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуульд заасам хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах үндсийг бий болгож байна гэж төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан. Нөгөө талаар мөрдөгч, прокурор нь нэгэнт шүүхээс буцаадаг заалт байгаа юм чинь гэсэн хайнга сэтгэхүйгээр дутуу шалгасан, хэргийн бодит байдал бүх талын нотлох баримтаар нотолж чадаагүй, “дутуу боосон” хэргийг шүүхээс чиглэл авчихья гэдэг байдлаар шүүхэд шилжүүлж, улмаар тодорхой чиглэл авч буцаалган тэр чиглэлийнхээ хүрээнд дахин ажиллагаа хийдэг хариуцлагагүй практик хөгжих үндэс болсон гэж үзжээ.
Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан "ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх", мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг эрхтэй. Харин шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсхүл шинээр ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах ерөнхий зохицуулалтыг хэрэглэж байгаа нь яллагдагч дээрх эрхээ бодитойгоор эдлэх боломжийг хязгаарлаж байгаа. Иймд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тоггоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхээс буцаадаг зохицуулалтыг халах нь Улсын Их Хурлаас 2021 онд хийсэн Шүүхийн шинэчлэлийн үргэлжлэл болно хэмээн үзэж, холбогдох тайлбарыг Б.Энхбаяр гишүүн танилцуулсан юм.
Төсөл санаачлагчид шүүх, прокурорын хараат бус байдлыг бэхжүүлж, ял завших боломжийг хаах шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг нь анхан шатны шүүхээс хэргийг буцаах зохицуулалтыг үлдээх нь зүйтэй гэдэг байр суурийг илрэхийлж, холбогдох үндэслэл, тайлбарыг хэлж байлаа. Хэрэг буцааж болохгүй гэдэг хуулийн зохицуулалт дор хэргийг нягтлахгүйгээр, шүүх заавал шийдвэр гаргах шахалтад орох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн шүүхээс өмнөх мөрдөн байцаах, прокурорын шатны үйл ажиллагааг сайжруулахгүйгээр, шууд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж байхыг хуульчлах нь эрсдэлтэй гэж байв.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил нар хэлэлцүүлэгт холбогдох талууд буюу Улсын дээд шүүх, прокурор, мөрдөн байцаах байгууллагын төлөөллийг оролцуулах хүсэлтийг гаргаж байв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.