Илон Маскын жиргээ “Shina inu”-г огцом өсгөв
Криптовалютын зах зээлийн сонирхолтой мэдээ, мэдээллүүдийг хүргэх “Coinmarket” шинэхэн булангаа танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт өнгөрсөн долоо хоногт “пуужин” шиг өсөлтийг үзүүлсэн шинэ, сонирхолтой койн болох “Shiba inu”-ыг онцлов. “Shiba inu” /SHIB/ нь хошигнолоос үүдэн гарсан гэдгээрээ нийтэд танигдсан “Dogecoin” DOGE-ийн өөр нэгэн хувилбар юм. Энэ нь “Ethereum” блокчэйнд суурилан гарсан. “Shiba inu” койны гол онцлог нь олон нийтэд хүртээмжтэй байдал юм. Учир нь “Bitcoin”-ы тоо ширхэг нь цөөн, хязгаарлагдмал байхаар бүтээгдсэн бол “Shiba inu” нь зориудаар олон тоо ширхэгтэй, хүртээмжтэй байхаар 1000 их наяд ширхэг бүтээгдсэн байна. Одоогийн байдлаар нийт 395 их наяд орчим “Shiba inu” койн эргэлтэд байгаа юм. “Shiba inu” койн өнгөрсөн долоо хоногт түүхэн өсөлтийг үзүүлсэн. Учир нь ганц л жиргээгээрээ криптовалютын зах зээлийг донсолгодог Илон Маскын Локи гэх нохойны зургийг тавьснаар “Shiba inu” койны ханш 30 хувиар “пуужиндсан” юм.
“Shiba inu” койн нь “Doge” койноос ялгаатай нь “Ethereum” дээр суурилсан учир “Ethereum”-ийн экосистемийн бизнесүүдтэй нийцэн ажиллаж чаддаг аж. Тухайлбал, “Coinbase”, “Metamask” зэрэг “Etheruem”-ийн хэтэвчүүдэд байршдаг. Мөн “UniSwap” шиг төвлөрсөн бус бирж дээр арилжаалагддаг. Түүнчлэн, хадгаламж, зээл, NFT үйлчилгээг санал болгож буй “Ethereum” суурьтай “DeFi” аппликэйшнууд дээр ашиглаж болох давуу талтай. Крипто сонирхогчид бага дүнгээр олон сая ширхэг “Shiba inu” койн авч болдог учир уг койныг ихэд сонирхон арилжаа хийдэг байна. Одоогийн байдлаар “Shina inu” койны ханш 0.22 хувиар унаж 0.000027 ам.доллар болжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Бямбажаргал