ЭЗБХ: ‘Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай’ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Цар тахлын сөрөг нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсанаас Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд огцом агшсан гэдгийг дурдав. Харин энэ оны эхний хагаст 6.3 хувиар өссөн, энэ өсөлтийн цаашдын төлөв салбар хооронд харилцан адилгүй байхаар байгааг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо.
Засгийн газар болон Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор бодлого зохицуулалтын багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өрхийн орлогыг тэтгэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлийн өсөлтийг эрчимжүүлэх, эдийн засгийн идэвхжлийг түргэтгэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэв. Гэсэн хэдий ч вирусын шинэ хувилбар гарч, тархалт үргэлжилсээр байгаа нь гадаад, дотоод тодорхой бус байдлыг нэмэгдүүлсээр байгааг дурдсан.
Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж түүхий эдийн үнэ нэмэгдэж, манай экспортын орлогод дэмжлэг болж экспортын орлогыг 34.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэсэн хэдий ч манай экспортын бодит хэмжээнд таслалдал үүсч байгаа нь орлогын бодит боломжийг алдагдуулж байгааг төслийн танилцуулгад дурдсан. Дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ зэргээс үүдэн импорт энэ оны долдугаар сард 31.9 хувиар өссөн байна. Эдгээрийн буюу экспортын саатал, импортын өсөлтийн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа, Төв банкны хуулиар оногдсон үндсэн зорилтоо хангах, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, сэргэлтийг дэмжих, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад сорилт болох асуудлуудыг хөндөж, бодлогын түвшинд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүлээж бус амжиж шийдвэрлэх зарчмыг баримталжээ.
Төв банк 2022-2024 онд инфляцыг 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Сүүлийн саруудад эрчимжиж буй инфляц наймдугаар сарын эцсийн байдлаар 8.9 хувьд хүрч нэмэгдээд байна. Инфляц нь эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа ч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй гадаад хүчин зүйлс тайлбарлаж байгаа гэв. Эдгээрийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтот түвшин хүрэх төсөөлөл байгаа аж. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа баримталсан гэнэ.
Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг ердийн нөхцөл рүү шат дараалалтай шилжүүлэхэд ирэх оны Монголбанкны хяналт, шалгалтын бодлого чиглэгдэх талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа. Энэ хүрээнд макро зохистой бодлогыг дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвтэй уялдуулсан зээлийн тогтвортой өсөлтийг хангах, зээлдэгчийн өрийн дарамтыг харгалзан санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн ажиллахаар төлөвлөжээ.
Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжаалсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв.
Банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын олон улсын сайн туршлага, зохицуулалтыг манай улсын банкны системийн онцлогт нийцүүлэн, шат дараатайгаар нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих ажлуудыг үргэлжлүүлэх юм байна.
Төв банкны олон нийттэй харилцах харилцааг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн үргэлжлүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалах, Төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн хөгжлийг дэмжиж, шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжих, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглахад шаардлагатай чадавхийг хөгжүүлэх стратеги боловсруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төсөлд тусгасан байна. Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагатай хамтран олон ажлыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа.
Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү өртөж, ажилгүйдэлийн түвшин нэмэгдэж байгаа нь улс орнуудын өмнө тулгарах нэн тэргүүний сорилт болох төлөвтэй гэв. Иймээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шаардлагатай дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлоготой нягт уялдуулж, эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг тэмдэглэсэн.
Манай улсын агаарын хэм жилдээ, дэлхийн дунджаас 2 хэмээр нэмэгдсэн, газрын доройтол, эко системийн тэнцвэргүй байдал нэмэгдэж буй нь эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт томоохон эрсдэл учруулахаар байгааг анхаарах шаардлагыг мөн хэлсэн.
Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, шууд нөлөөг бууруулахад шаардлагатай дунд, урт хугацааны бодлого, зохицуулалтыг улс орны хэмжээнд нэгтгэн тодорхойлох, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгтэй Монголбанк санал нэг байгааг дурдсан. Төв банкны зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон-тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг ашиглан, хэрэгжилтийг дэмжих аж.
Уул уурхайн бус экспортын бодлогыг нэгтгэх, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг ажлын төлөвлөгөөний хамт төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжилтийг хангах, санхүүгийн гэрээний маргааныг шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах талаар төсөлд тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Төв банкны ерөнхийлөгч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 72.7 хувь нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.