Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ
Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ.
Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан болно
Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан энэ сарын 15-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Тус зөвлөл нь Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг цогц байдлаар төлөвлөн хөгжүүлэх, эдгээр салбар дахь томоохон төслийг хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хамтын ажиллагааны механизм юм.
Хуралдаанаар Засгийн газраас БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаа томоохон төслүүдийг танилцуулж, зарим төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцах юм.
Оллоо.мн