Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно

Аливаа улс оронд “дундаж давхарга” нь тухайн улсынхаа эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангах нийгмийн хамгийн идэвхитэй, гол хэсэг нь байдаг. Дундаж давхарга хэдий том байх тусам боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй байж, ажиллах хүчин сайтай, хөдөлмөрийн бүтээмжтэй, түүнийг дагаад ашиг, орлогын хэмжээ өндөр байдаг тул тэдний оруулж буй хувь оролцоо нь тэр хэрээрээ улсын эдийн засгийн өсөлтөнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Нөгөөтэйгүүр дундаж давхаргыг бүрдүүлэгчид нь хоол, хувцас, боловсрол, эрүүл мэнд, орон байрны сар тутмын хэрэглээний зардлаа төлөөд, цаана нь тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт, хуримтлал хийх боломжтой хэсэг учир энэ давхаргыг эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хүчин зүйл хэмээн ойлгож болно.

Хэт өндөр ба хэт доогуур орлоготой хэсгийн ялгаа, зааг ихссэн, дундаж давхарга нь нийгэмд бага байр суурь эзэлдэг улс оронд нийгэм нь байнгын зөрчил тэмцэлтэй, эдийн засгийн өсөлт нь удааширсаар байдаг бөгөөд ардчилсан нийгэмд дундаж давхарга нь улс төрийн тогтвортой байдал болон хувь хүний эрх, эрх чөлөөний гол баталгаа болдог. Мэдээж үндэстний хөрөнгөтнүүд энэ нийгмийг чирэгч хэсэг хэдий ч дундаж давхрага хөдөлгөгч гол хүч нь байх ёстойг нийгэм шаардсаар байна. 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ирэх 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд “Монгол улсын хүн амын дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд дундаж давхаргад зээл, санхүүжилтийг олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох банк санхүүгийн тогтолцоог бий болгох талаар бодлогын баримт бичигт тусгасан байдаг.

Тэгвэл Монголын банк санхүүгийн салбарын Топ 5 банкны нэг болох Төрийн банкийг “Дундаж давхаргыг дэмжигч банк” болгох зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд буй.

\

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ онцолсон. Тэрээр “Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг.

Манайд нийгмийн дундаж давхаргыг 1.0 саяас 3.0 сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Дундаж давхаргыг дэмжих бодлогыг Төрийн банк өнгөрсөн хугацаанд амжилттай биелүүлсэн. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-наас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Төрийн банк нь энэхүү бодлогын хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлээр орон нутагт 6185 зээлдэгчид 258.4 тэрбум, Улаанбаатар хотод 2276 зээлдэгчид 152.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. 

\Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр:

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдэж, дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаараа онцолсон.

 
 

Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтынхоо хүрээнд 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Тухайлбал, Төрийн банк Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргын өрхийн хүүхдүүдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, аянуудыг зохион байгуулахын зэрэгцээ дундаж давхаргад зориулсан хуримтлалын хадгаламж, тэтгэвэрийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх юм. 

Мөн бичил, жижиг, дунд бизнесийн зээл, гарааны бизнесийг дэмжих зээл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл, орон сууцны хөнгөлөлттэй зээлүүдийг дундаж давхаргын эрэлтэд нийцүүлэн, хамгийн таатай нөхцөлөөр олгоно. Дундаж давхаргыг дэмжиж, тэдний маргаашийн итгэлийг сэрээхээр Төрийн банк ажиллаж байна.

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button