Өнөөдөр УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдана
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт 07:00-22:00 цагт явагдана.
Нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг https://turnout.gec.gov.mn/ цахим хуудсаар нийтэд байршуулж, санал авах 131 хэсэгт сонгогч саналаа бусдаас хараат бусаар, аюулгүй нөхцөл байдалд өгөх боломжийг хангаж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, хяналт тавьж, Сонгуулийн байгууллагад хамаарах зөрчил, дутагдлыг нэн даруй засч залруулж шуурхай ажиллах болно.
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Баянмөнх-1, 2-р баг, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т болох тул эхний санал хураалтад оролцоогүй сонгогч Та бүхнийг хүрэлцэн ирж, саналаа өгөхийг уриалж байна.
СЕХ