ИТХ бол хэн нэгэн төлөөлөгчийн дураараа авирладаг зүй бус үйлдэл гаргадаг газар байх ёсгүй
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр:
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан гэдэг бол хэн нэгэн төлөөлөгчийн дураараа авирладаг зүй бус үйлдэл гаргадаг газар байх ёсгүй. Төлөөлөгч гэдэг бол иргэдийн дундаас төлөөлөл болон сонгогдсон, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх субьект.
Тиймээс төлөөлөгчид та бүхэн хууль, дэг хоёроо бүрэн ойлгож, зөв хэрэглэж сурч байж хуралдаанд оролцох ёстой. Дараа дараагийн хуралдаанд дэг журам, хууль тогтоомжийг зөрчиж, иргэдийн эрхэнд халдаж болохгүй гэдгийг анхааруулж байна!
Цаашид бид иргэддээ мэдээллийг илүү нээлттэй хүргэнэ. Иргэд та бүхнийг дүгнэж, төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавих орчинг бүрдүүлж ажиллана.
2022 оноос эхлэн Баянзүрх дүүрэгт хийж бүтээсэн зүйлгүй, иргэдийн эрхэнд халдсан төлөөлөгчдийн урамшууллыг хасаж, эргүүлэн татах асуудлыг хөндөх болно.
Өнгөрсөн жилүүдийн хөгжлийн гацаа бол хийрхсэн улс төр юм. Үүнээс болж Баянзүрх дүүрэг бусад дүүргээс 1 их наяд төгрөгийн хөгжлийн хоцрогдолтой байна.
Үүнийг засч залруулахын тулд төлөөлөгчид та бүхэн аль нэг нам гэж талцалгүй нэг зүгт, нэг зорилготойгоор хамтран ажиллах шаардлагатай байна!