Н.Долгормаа: Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ

Иргэд коронавирусийн халдвар авсан эсэхээ шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Иргэдийн шинжилгээний хариуг цаг алдалгүй хүргэхийн тулд цахим системүүдийг ажиллуулж эхэлсэн. Энэ талаар НЭМГ-ын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаагаас тодрууллаа.

-Иргэдийн шинжилгээний хариуг ямар системээр хүргэж байна вэ?

-Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбар томоохон системүүдийг хөгжүүлсэн. Эдгээрээс www.eruul.gov.mn, www.tandalt.gov.mn зэрэг системүүдийг иргэд ихээхэн ашиглаж байна. Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний цэгт захиалга өгөх зэргээр иргэдийн цагийг хэмнэж байгаа юм. Эдгээр систем шинжилгээний мэдээллийг тухайн цаг үед өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. “Ковид-19”-ийн халдварыг илрүүлэх шинжилгээний бүртгэлийн систем болох www.eruul.gov.mn-ийг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн ашиглаж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд энэ систем чухал нөлөө үзүүлсэн. Нэг хоногт хийж байгаа маш олон шинжилгээний хамрагдалтын мэдээлэл цаг, минут, секундээр тоологддог. Хамрагдалт хаана их, хаана бага байгааг шууд хянах боломжтой юм.

Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан тандалт, судалгааны ажлуудыг өргөн хүрээтэй хийх болсон. Энэ ажиллагааг цахим системгүйгээр хийх нь төвөгтэй байсан учраас бид 2020 оны гуравдугаар сараас гэрэгэ системийн хамт олонтой хамтран тандалтын системийг хийж эхэлсэн юм. Энэхүү тандалтын систем нь өдөр тутмын батлагдсан тохиолдлын мэдээллийг өрхийн эмч, хяналтын эмчид шууд өгч байгаагаараа онцлогтой. Мэдээллийг шууд авснаараа хяналт, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн хавьтлын хүрээний судалгааг явуулах, хавьтлыг шинжилгээнд хамруулах боломж бүрдсэн. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм.

-Шинжилгээний хариу авах системд заримдаа доголдол үүсдэг. Цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

 

-Бид дархлаажуулалтын систем, эмнэлэг хоорондын бүртгэлийн систем, шинжилгээний цаг авах системүүдийг бий болгосон. Шинжилгээ авах ажил нөөцтэй холбоотой учир шинжилгээний цаг авах систем одоогоор ажиллахгүй байгаа. Гэсэн хэдий ч бид халдварын хяналтыг хийх, шинжилгээнд дараалал үүсгэхгүйн тулд цаг захиалгын системийг эргэн сэргээж, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.   

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button