Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг 10 дугаар сарын 1-ээс цахимаар олгож эхэллээ
Өнөөдрийн байдлаар egazar.gov.mn системээр 2983 иргэн, ААН энэхүү системийг ашиглан газрын гэрчилгээ, кадастрын зургаа үнэ төлбөргүй хэвлэн авсан байна. Ингэсний үр дүнд иргэд 58.2 сая төгрөг хэмнэжээ. Өмнө нь газрын гэрээ, гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг байсан бол одоо А4-ийн цаасан дээр хэвлэж авч байгаа тул улсын тэмдэгтийн мөнгөн хураамж төлөх шаардлагагүй болсон.
Манай байгууллага жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Тэгвэл одоо иргэд улсын тэмдэгтийн мөнгөн хураамж төлөх шаардлагагүй болж байна.
Мөн Засгийн газраас газрын эзэмшигч, ашиглагч гэх мэдээллийг ил тод болгох үүрэг өгсөн. Энэ хүрээнд дуудлага хуралдааны цахим системд оролцож байгаа иргэн, ААН-үүдийн нэрийг ил гаргадаг болсон. Түүнчлэн цахим системд байгаа төрийн байгууллага болон компаниудын мэдээллийг ил болголоо.