Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн
НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:
-Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна. Энэ нь 97 ор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 258 нь эрчимт эмчилгээний ор бол 5840 нь энгийн эмчилгээний ор байна.
Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн эмчлүүлж байсан бол энэ долоо 6513 болж өслөө. Эмнэлгүүдийн ачаалал их байна. Эмч нарын өрөө болон бусад боломжит өрөө тасалгаануудад ор дэлгэн ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эмчлүүлж байсан иргэдийн 18 хувь нь хөнгөн оноштой байсан бол энэ долоо хоногт 16.1 хувь нь хөнгөн оноштой байна. Эдгээр иргэн хэдийгээр хөнгөн оноштой гэж байгаа ч хавсарсан өвчтэй, хавдартай, эрүүл мэнд нь хурдан хугацаанд муудах эрсдэлтэй, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай байгаа юм. Харин хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн. Өнгөрсөн долоо хоногт 52.9 хувь байсан хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт 55 хувь болж өссөн байна.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд 669 иргэн эмнэлэгт хэвтсэн бол 698 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь орны эргэлт сайн байгааг харуулж байгаа юм. Эрчимт эмчилгээний тасагт 15 хүн хэвтэж, 13 хүн гарсан. Үүнээс харахад, эрчимт эмчилгээний орны эргэлт удаашралтай байна. Гэрээр эмчлүүлж байгаа 28 мянга орчим иргэн байсан бол 23.998 болж буурсан.
Вакцины нэмэлт тунд хамрагдалт өнгөрсөн долоо хоногт 17.6 хувь байсан бол энэ долоо хоногт 18.8 хувь болж ердөө 1.2 хувиар өссөн нь иргэдийн идэвх муу байгааг харуулж байна. Нэмэлт гуравдугаар тун хийлгэсэн иргэдийн халдвар авсан байдлын талаар ХӨСҮТ дээр судалгаа хийж байгаа. Судалгааны дүн гараагүй байгаа ч нэмэлт тун хийлгээд хугацаа өнгөрөх тусам халдвар авсан хүмүүсийн тоо бага байна гэсэн мэдээлэл бий. Тиймээс иргэдийг нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС