Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Байнгын хороо 2021 оны 10 дугаар 19-ний өдрийн хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн хэмээн танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт, төсөв, санхүүгийн асуудлаар болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн сонгон шалгаруулалтын явцын талаар асуулт асууж, хариулт авсан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хуулийн төсөлтэй холбогдуулан хуулийг дагаж мөрдөх хугацааг өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөнө хэмээн өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа

Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед УИХ-ын гишүүдээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид урамшуулал олгоход хэдэн төгрөг шаардлагатай, ирэх оны төсөвт тусгагдсан эсэхийг лавласан бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир зөвхөн сумдад ажиллаж байгаа биш алслагдсан дүүргүүдэд ажиллаж буй онцгой байдлын албан хаагчдыг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, хуулийн төсөлд хуулийг 2023 оноос хэрэгжиж эхлэхээр тусгасныг дурдаад аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамууллыг 5 жил тутам олгоход эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшилд 5.6 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 2.3 тэрбум төгрөг шаардагдана гэсэн хариултыг өгсөн юм.

Эцэст нь санал хураалт явуулан нийт гишүүдийн олонхын саналаар хуулийг эцэслэн баталлаа.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав

Дараа нь Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирлээ.

Тухайлбал, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг анх 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан. Үүнээс хойших хугацаанд НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргаас тогтоолын хэрэгжилтийн талаар илтгэл гаргаж, тогтоолыг 2 жил тутам батлуулж байна.

Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статустай холбогдуулан 2000 оны 10 дугаар сард Хамтарсан мэдэгдэл гаргаж, тус статуст баталгаа олгосон Хамтарсан тунхаглалд 2012 онд гарын үсэг зурсан.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай (Treaty on the non-proliferation of the nuclear weapons-1968) гэрээг Монгол Улс 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай (Comprehensive Nuclear-Test-Ban Treaty-1996) гэрээг 1997 онд тус тус соёрхон баталсан.

Улмаар цөмийн зэвсэггүй статусаа тодорхойлон бататгасан дотоодын эрх зүйн акт гаргах шаардлага гарч ирсэн бөгөөд 2000 онд Монгол Улсын Их Хурал Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 19 дүгээр тогтоолыг, 2015 онд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тогтоолыг батлаад байна.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ байгуулах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/71/258 тоот тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүгд хуралдаанаар санал хураалт (128/29/18)-аар баталсан.

Уг гэрээнд 2021 оны 5 дугаар сарын байдлаар 86 улс гарын үсэг зурсан, 54 улс соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон байна.

Энэхүү гэрээний 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн дагуу гэрээг 50 улс соёрхон баталсан тул 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршиж буй юм.

Гэрээ нь цөмийн эрчим хүчийг хөдөө аж ахуй, анагаах ухаан, шинжлэх ухаан, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг энхийн зорилгоор ашиглахыг бүрэн дэмжсэн. Гэрээний хориглох, үүрэг хүлээлгэх, хэрэгжүүлэх заалт нь гэрээний хүмүүнлэгийн зорилго, цөмийн зэвсгийн эсрэг олон улсын хэм хэмжээг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байх юм

Гэрээний эдгээр зохицуулалтыг манай улс дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн ззвсэг, эсхүл цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжтэй холбогдсон үйлдэл, үйл ажиллагаа явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглосон байдаг.

Стратегийн зэвсэг болох цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, хянах асуудлыг Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний хүрээнд зохицуулж байна.

Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох, түүнийг бүрмөсөн устгахад чиглэсэн олон улсын эрх зүйн баримт бичиг байгуулах яриа хзлэлцээг болон энэ асуудалтай холбоотой НҮБ-ын холбогдох тогтоол, шийдвэрийг дэмжиж ирсэн улсын хувьд энэ байр сууриа нотлох нь зүйтэй байна.

Тус гэрээний зүйл, заалтууд нь үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхолыг хангаж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжгой бүрэн нийцэж байгаа.

Манай улс гэрээг соёрхон баталснаар цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход ач холбогдолтой юм хэмээн танилцуулсан.

Хуулийн төслийг хэлэлцэн батлахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн хэмээн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулсан бөгөөд УИХ-ын нийт гишүүдийн олонх дэмжсэнээр Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хууль батлагдсан юм.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн талаар танилцуулав.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал, хууль ёсыг дээдэлсэн авлигагүй төрийн алба, төрийн албаны үйлчилгээний чанар хүртээмж”-ийн талаар тусгаж, шинэ үеийн төрийн албаны хөгжлийн чиг баримжааг тодорхойлсон. Түүнчлэн засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлага байгааг үндэслэн төрөөс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан мөрдүүлж байна. Гэвч бодит байдал дээр улс төрийн албаны томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргах, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байх үзэгдэл хэвээр байна. Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир төрийн албанд сүүлийн жилүүдэд хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах нөхцөл нэмэгдэх боллоо. Энэ байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал бий болсон учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх зэрэг нийгэмд эерэг үр дүн гарна хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж буй аж.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд өдгөө хэлэлцүүлгийн шатанд байгаа Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдтэй уялдуулж болох эсэх, улс төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын талаар тодруулж байлаа.

Хуулийн төсөл санаачлагч төрийн улстөрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хуульчилснаар улс төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшлэх, төрийн албаны нэр хүнд сэргэх, ёс зүй хариуцлага нэмэгдэх бөгөөд ашиг сонирхлын зөрчил, мэдлэг ур чадварын дутагдал хариуцлагагүй байдал зэрэг сөрөг үр дагаврууд багасна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхлэв

Үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад дариу 3 жил 9 сар, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн боловч төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шатыг эхлүүлэх, төрийн албыг иргэдийн эрх ашигт илүү нийцсэн, мэргэшсэн, тогтвортой, хариуцлага, ёс зүйтэй, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх чухал ач холбогдолтой хуулийн зарим зохицуулалтын биелэлт хангалтгүй байна хэмээн хуулийн төсөл хэмээн танилцуулсан. Төрийн байгууллагын үйл ажиллагаа цалгардах, эзэнгүйдэх, төрийн албаны хууль зөрчигдөх нөхцөл зарим тохиолдолд үүсч байгааг тэрбээр дурдаад энэ нь төрийн захиргааны ахлах түшмэлээс эхлэн тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох иргэнд төрийн алба болон төрийн захиргааны албанд ажилласан байх хугацаа тогтоож, төрийн захиргааны албанд шинэ менежмент, мэдлэг хандлага нэвтрэх, хөгжихийг хязгаарлаж, төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон тухайн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэн төрийн захиргааны албанд ажиллах боломжгүйд хүргэсэнтэй шууд холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Түүнчлэн, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг бүрдүүлж төрийн албаны сул орон тоо гарсан даруйд нөхөх, төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаарлагыг хангахгүй байна. Иймд төрийн албаны хөгжил, шинэтгэлийг бодитойгоор шуурхай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага, төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлж байгаа дэлхийн нийтийн чиг хандлагыг харгалзан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажилласан болон тухайн салбарт мэргэжлээрээ ажилласан хугацааг төрийн албанд болон төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаанд тодорхой хувиар дүйцүүлэн тооцох, ийнхүү дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газар батлах, улмаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэнээс нөхөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүд Засгийн газарт байх талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан зохицуулалтад нийцүүлэн төрийн албаны төв байгууллагын үндсэн чиг үүрэгт үл хамаарах бүрэн эрх, үйл ажиллагааг хасаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх зохицуулалтыг тусгав. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхол үүсэх эсэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох зохицуулалт бүхий Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд төрийн албаны шатлан дэвших буюу мерит зарчим, төрийн албаны шалгалтыг зохион байгуулах цаг хугацааны талаар, хуулийн төсөлд тусгасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэнээс нөхөх зохицуулалтын талаар асууж тодруулан, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үдээс хойших хуралдаанаар санал хураан шийдвэрлэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button