Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Тус хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… шударга шүүхээр шүүлгэх, … эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Тиймээс заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button