‘Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган’-аас зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аар нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.

 НЭГ. ХӨВСГӨЛ НУУРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР:

  • Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалттай газрын жишиг загвар болгон хөгжүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;
  • Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалттай газрыг өргөтгөх;
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын хог хаягдлын менежментийг сайжруулах, хатуу хог хаягдал боловсруулах стандартын шаардлага хангасан байгууламж байгуулах;
  • Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн, нуурыг хамгаалах, экологийн боловсрол олгох, аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах;
  • Хөвсгөл нуурын экологийн эрсдэлийн үнэлгээ, мониторингийн технологи боловсруулах төсөл хэрэгжүүлэх;

ХОЁР. ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫГ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР:

  •  Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд газар олголтыг цэгцэлж, шинээр газар олгохыг зогсоох;
  • “Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний  хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • Аялал жуулчлалын стандартын шаардлагыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, шаардлага хангаагүй жуулчны баазуудын зөвшөөрлийг цуцлах, гэр кэмпийн үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авах;
  • Аялал жуулчлалын баазын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин боловсруулах цогц менежментийг хэрэгжүүлэх;
  • Жуулчдад зориулсан соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах, тусгай сонирхлын аяллын жим, отоглох цэгийн тоог нэмэгдүүлэх;
  • Хөвсгөл нуурыг хамгаалах нөлөөллийн ажлыг зохион байгуулж, орон нутгийн иргэд, залуучуудыг хамруулах;
  • Нуураас татаж гаргасан Сүхбаатар хөлөг онгоцыг аялал жуулчлалын үзмэр болгох зорилгоор төлөвлөлт хийж дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн авто зогсоол байгуулах;

ГУРАВ. ХӨВСГӨЛ НУУРЫН УСНЫ БОХИРДОЛ, ЧАНАРЫН АСУУДЛААР:

  • Хөвсгөл нуурыг үндэсний бахархалт нуур болгох;
  • Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх, дэглэмийг мөрдүүлэх, үүссэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авах;
  • Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, мөрдүүлэх, усан зогсоолын цогцолбор болон авто зогсоолын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
  • Нуур орчмын нүхэн жорлон, стандартын бус бохирын цооногийг устгах, хориглох, нийтийн зориулалт бүхий газруудад эко ариун цэврийн байгууламжууд байгуулах;
  • Хөвсгөл нуурын ёроолын иж бүрэн судалгаа хийж, усны нөөц, чанарт үзүүлэх эрсдэлийг бууруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
  • Ханх, Хатгал сумын ундны ус хангамжийн асуудлыг иж бүрэн төлөвлөж шийдвэрлэх, ус, ариун цэврийн байгууламжийг нэгдсэн системд оруулж өгөх;
  • Хөвсгөл нуур ус судлалын өртөөний “Усны чанарын хяналтын лаборатори”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дүн мэдээ боловсруулах, хяналт шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлэх;

ДӨРӨВ. ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ ТАЛААР:

  • Нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах ажлыг аюулгүй байдлыг ханган зохион байгуулах;
  • Хөвсгөл нуур орчмын гамшгийн эрсдэлийн болон татан гаргах ажиллагааны эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Усны гүнд эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж худалдан авах, усан дор хайгуул судалгаа хийх, татан гаргахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх;
  • Усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалт, бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
  • Нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчих, тээвэр хийхийг хориглох /хязгаарлах/, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналтыг сайжруулах.

Зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлнэ.

\

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button