Н.Удаанжаргал: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл бол инноваци, дэвшилтэт технологи шингэсэн томоохон бүтээн байгуулалт юм

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна.

Үйл ажиллагааны нээлтэд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш болон албаны бусад хүмүүс оролцож, салбар хуралдааны илтгэгчдэд батламжийг гардуулав. Мөн урьдчилсан шатны шалгаруулалтад илтгэлээ ирүүлсэн таван оюутанд “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллах урилгыг гардуулан өглөө.

\

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа 10 мянган тоннын хүнд даацын ачааны вагон аялж эхлэх гэж байгааг онцлоод тэдгээр галт тэрэг явах гүүрүүдийг барьж байгуулж байгаа монгол инженерүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлэв. Мөн дээрх төсөл нь инноваци, дэвшилтэт технологи шингэсэн томоохон бүтээн байгуулалт болохыг тэмдэглээд тус компанийн инженерүүд цаашид Богдхан төмөр замын төсөл дээр мөн Монгол Улсын анхны төмөр замын туннелийг барьж байгуулахаар нарийвчилсан судалгааны ажил хийгдэж байгааг дурдлаа.

 

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж чаддаг болсон энэ үед тус компани шинжлэх ухааны байгууллагууддаа хандаж, төмөр замын цаашдын хөгжлийн асуудлыг ярихаар өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгааг онцлоод Шинжлэх ухааны академи, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

\

 

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш Монгол Улсын төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, монгол залуус энэ салбарт хошуурч, уул уурхайн салбарын хөгжил төмөр замын салбартай нягт холбоотой байгаа энэ үед эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа нь онцлог үйл явдал болж байна хэмээн дурдав.

\

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инноваци, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн асуудал, нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх үр нөлөө, салбарын хөгжлийн эдийн засаг, удирдлагын асуудлууд зэрэг үндсэн сэдвээр нийт 70 орчим илтгэл хүлээн авснаас 22 илтгэлийг шалгаруулж, өнөөдрийн салбар хуралдаанд танилцуулж байна. Онцлоход гадаад орнуудаас хэд хэдэн илтгэл ирүүлснээс өнөөдрийн салбар хуралдаанд ХБНГУ-ын Сансар судлалын төв, замын хөдөлгөөний системийн технологийн Институтийн Бизнес хөгжлийн удирдлагын дарга, докторант Кристиан Рахмиг цахимаар илтгэлээ танилцууллаа. Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн онцлог”, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Батдалай нарын “Төмөр зам дагуух соёлын өв, судалгаа хадгалалт, хамгаалалт” зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд илтгэлүүд танилцууллаа.

\

 

Зохион байгуулагч тал салбар хуралдаанаас шалгаруулсан илтгэлүүдийг эмхтгэл болгон хэвлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд бага хурлын дүнгээр “Төмөр замын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт”-д танилцуулагдах дүгнэлт, зөвлөмжийг гаргах юм. Төмөр замын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалтыг II улиралд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба энэ нь төмөр замын чиглэлээр мэргэшсэн инженерүүдийг  нэгтгэж, салбарынхаа тулгамдсан асуудлууд, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэхээр төлөвлөж буй онцлог үйл явдал юм.

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button